ЭМЯ-наас Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.05.27-ны 11.00 цагийн байдлаар танилцууллаа. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр:
Хоёрдугаар тунг тариулсны дараа 14 хоногт халдвар авах эрсдэлтэйг манай болон олон улсын эрдэмтдийн судалгаа харуулж байгаа. Тухайлбал, АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс өгсөн мэдээллээр тус улс тавдугаар сарын 17-ны өдрийн байдлаар 130 сая иргэнээ “COVID-19”-ийн эсрэг вакцины хоёр тунд хамруулсан. Хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийн дунд халдвар авсан 9000 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 2000 гаруй хүн нь хүндээр өвчилж, эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн дийлэнх нь өндөр настнууд байгаа. Мөн эмнэлэгт хэвтсэн хүмүүсээс 343 иргэн нас барсан гэх тоо байгаа.
Манай улсад яг ийм байдлаар судалгаа хийж байгаа. Нийт нас баралт дунд вакцины хоёр тунгаа хийлгэсэн 5 иргэн бүртгэгдсэн. Энэ хүмүүс маань хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш 14 хоногийн дотор халдвар авч, хүндэрсэн. Архаг суурь өвчтэй, өндөр настай хүмүүс байсан.
Монгол Улс нийт хүн амынхаа 65 хувь буюу 2.06 сая иргэнийг вакцинд хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Үүний цаанаа хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, вакцинд гаж нөлөө, харшлын урвал өгдөг хүмүүс вакцинд хамрагдахгүй.
Үндсэндээ хүн амын 35 хувь нь вакцинд хамрагдахгүй байна гэдэг нь халдварын эрчим, халдварын эрсдэл дархлаажуулалтад хамрагдаагүй хүн ам дунд өндөр хэвээр байгааг илтгэнэ. Тиймээс вакцинд хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сахих нь чухал гэлээ.
Л.Баяр