УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нарын нийслэлээс парламентад сонгогдсон гишүүд Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулах тогтоолын төсөл санаачилжээ. Э.Бат-Амгалан “Нийслэл Улаанбаатар хотын хүн ам Монгол Улсын хүн амын 47,5 хувьд хүрсэн.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүртгэлтэй ААН-ийн 75,8 хувь нь Улаанбаатарт байнга байрлаж үйл ажиллагаа явуулж байна. Ийнхүү Улаанбаатар эдийн засагт үлэмж нөлөө бүхий бизнесийн цогцолбор болоод байна.
Гэсэн хэдий ч хүн амын хэт төвлөрөлтэй холбоотойгоор Улаанбаатар нь Монгол Улсын эдийн засагт үлэмж сургууль цэцэрлэг эмнэлгийн үйлчилгээ хангалтгүй, авто замын ачаалал хэтэрсэн. Цаашид Улаанбаатар хотод шийдвэрлэх хэрэгтэй олон асуудал байна.
Тиймээс Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг шинээр тодорхойлох эрүүл аюулгүй амьдралын таатай орчин бүрдүүлэх, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан олон улсад өрсөлдөх чадвартай аялал жуулчлалын томоохон төв болгон хөгжүүлэх асуудлыг УИХ-ын байнгын хорооны түвшинд авч үзэх шаардлагатай байна.
Иймд УИХ-ын тухайн хуульд зааснаар түр хороо байгуулж болно гэсэнд үндэслэн иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг хот өөрөө бие даан шийдвэрлэх эдийн засгийн чадвартай, эрх зүйн үндсийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийг шинэчлэх чиглэлд түлхүү ажиллах болно. Энэхүү тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж өгөхийг хүсье” гэв.
Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх түр хороо байгуулахыг хуралдаанд оролцож байгаа гишүүдийн 71 хувь нь дэмжиж, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэхээр шилжүүлэв. Уг асуудалтай холбоотойгоор ТББ хороо өнөөдөр үдээс хойш 14 цагт хуралдахаар боллоо.
Монгол Улсын нийт хүн амын 48 орчим хувь нь оршин суудаг, дотоодын нийт бүтээгдэхүүний 66.7 орчим хувийг бүрдүүлж байгаа Улаанбаатар хотод тулгамдсан эдийн засаг, нийгмийн олон талын асуудлыг бодлогын түвшинд цогцоор нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, холбогдох хууль тогтоомжийн уялдааг хангах, боловсронгуй болгох нь энэхүү Түр хорооны үйл ажиллагааны үндсэн зорилго байх аж.
Н.Батаа