Өнөөдрийн /2020.05.26/ шагнал Галбын говь,Гурвансайхан уулыг өндөлзүүллээ. Өмнөговьчууд “Төр түмэн нүдтэй гэж энэ дээ. Зах хязгаар нутгаас ч жинхэнэ эзнийг нь олоод шагначихдаг аа ” гэж өөр хоорондоо ярилцах аж. Арга ч үгүй дээ. Говьд бүхэл бүтэн ойн төгөл байтугай нэг мод ургуулна гэдэг ямар их хөдөлмөр байдгийг тэд мэднэ.
Монгол улсын Ерөнхийлөгчөөр “ГОВИЙГ ОЙЖУУЛАГЧ БААТАР” хэмээн тодорхойлуулсан Дэмчигийн Бараадуузын говьд өөрийн гараар бүтээсэн агропаркийн үр суулгац Монголын 16 аймагт ургаж байна.
Д.Бараадууз 1966 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Зоотехникч мэргэжлээр төгсснөөсөө хойш Өмнөговь аймгийн Хөдөө аж ахуйн газарт удирдах голдуу албан тушаал хашчээ. 2001 онд Өмнөговь аймагт Байгаль орчны газар шинээр байгуулагдахад анхны даргаар нь Д.Бараадууз томилогдсон байна Говийн хамгийн эмзэг асуудал болох цөлжилт усгүйдлээс хамгаалах гол арга бол ойжуулах. “Ой дагаж ус , ус дагаж амьдрал цэцэглэнэ” гэсэн итгэл үнэмшилтэйгээр аймгийн төв Даланзадгад хотыг элсний нүүдлээс хамгаалах 80 га ойн зурвас байгуулснаар түүний говийг ойжуулах их ажил эхэлжээ.Өнөөдөр Өмнөговь аймаг таримал ойн сангаараа говийн бүсдээ тэргүүлж байна.
Д.Бараадууз 52 насандаа аймгийн орлогч даргын албан тушаалаа хүлээлгэж өгөөд говьд хүний гараар Баянбүрд байгуулж болохыг өөрийн биеэр үлгэрлэхээр шийджээ. 30 жилийн дотор 16 га газрыг бүрэн ойжуулж, мод үржүүлгийн газар, агропаркад нь өнөөдөр говийн нэн ховор ургамлуудаас гадна мойл, үхрийн нүд, чацаргана улаан лооль, хэд хэдэн сортын алим ургаж байна.
Говьд тарьж ургуулсан үр суулгац тэсвэр хатуужилтай, ямар ч нөхцөлд ургах чадвартай байдаг учраас Улаанбаатар хот , хөдөө аймгууд ч эндээс үр суулгац авч ургуулснаар цөлжилттэй тэмцэх, ойжуулах ажилд онцгой гавьяа байгуулсан нэгэн юм.
Дэмчигийн Бараадуузд Хөдөлмөрийн баатар цол олгох үеэр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:”Өнөөдөр төрийн цол, шагнал хүртэгсдийн дунд эх орноо, байгалиа хайрлахын үлгэр жишээ болсон нэгэн хүн байна. Тэр бол Дэмчигийн Бараадууз гуай – Говийг ойжуулагч баатар. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр улам бүр хуурайшиж, цөлжиж байгаа говь нутгаа ногооруулах ажлыг хэний ч шахалтгүйгээр өөрөө сэтгэл зүрхээрээ санаачлан хийж байгаа баатарлаг үйлстэн. Д.Бараадууз гуайн байгуулсан “Ойн хишиг” мод үржүүлгийн төв нийтдээ 300 мянга орчим мод тарьж ургуулаад байгаа бөгөөд 1992 оноос хойш энэ ажлыг тэтгэврийнхээ мөнгөөр санхүүжүүлж байжээ. Эх орноо ам хэлээрээ бус бодит үйл хэргээр хайрлан хамгаалж, байгаль орчноо тордож ирсэнд танд бүх ард түмнийхээ өмнөөс гүн талархал илэрхийлье” гэлээ.
.
Ийнхүү эх дэлхийн аврал – мод тарих ажилд говьчуудаа түүчээлж, элсэн цөлд эгэлгүй баянбүрд өөрийн гараар урласан Дэмчигийн Бараадууз баатар болсон нь ургуулсан модных нь тоогоор байгаль эхийн хайрласан хишиг буян биз ээ. Төрийн шагнал нүдээ олно гэж энэ дээ
Сэтгүүлч Б.Отгон 2021.05.2