Тулгар төрийн 2230, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, эрхэлсэн ажилдаа идэвх, санаачлагтай ажиллаж, салбар тус бүрт манлайлсан 40 хүнд төрийн дээд одон, медаль гардууллаа.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган, “Ойн хишиг” төвийн захирал Д.Бараадууз, төрийн соёрхолт С.Сүхбаатар, малчин Ж.Тогтохсүрэн нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээв. Мөн Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор Монгол банкны ерөнхийлөгч Д.Лхагвасүрэн, Хөдөлмөрийн хүндэт медалиар, “Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан нарыг шагналаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

-Өнөөдөр аж үйлдвэр, спорт, эрчим хүч, соёл урлаг, эрүүл мэнд, боловсрол, мал ахуйн ахуйн төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст Төрийн дээд одон, медаль гардуулж байна. Улс орон, ирээдүйн төлөө залуу насаа зориулж, зогсолтгүй зүтгэж байгаа та бүхний хөдөлмөрийг төр үнэлж байна. Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр, Гавьяат эдийн засагч цолоор шагнагдсан Д.Лхагвасүрэн нарт нийт иргэдийн өмнөөс онцгойлон талархал илэрхийлье. 2019 оны 11 дүгээр сард Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж баталсан. Тус нэмэлт өөрчлөлтөд монголчууд асар их баялгаа тэгш хүртэх асуудлыг шингээж өгсөн.

Монгол Улс баялагтай бол түүнийг бүгд тэгш хүртдэг байх ёстойг тусгасан. Мөн ногоон байгууламж, нийт иргэдийг соён гэгээрүүлэх үйлсэд хүчин зүтгэж яваа эрхэм уран бүтээлч нартаа талархал илэрхийлье. Оногдсон ажил үүргээ олон жил нэр хүндтэй дааж, манлайлж яваа жирийн иргэдээ ч төр шагнаж байна. Тухайлбал, Жигүүр гранд группийн арматурчин Н.Эрдэнэчимэгт Гавьяат барилгачин цолоор шагнаж байна.

Мөн 30 жил үсчин гоо, сайхны салбарт үр бүтээлтэй ажилласан иргэдээ ч мартаагүй. Урлаг соёлын салбарын манлайлагчаар шалгарсан УГЗ, бүжиг дэглээч С.Сүхбаатарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Нийгмийн тусын тулд олон нийтийн ажлыг амжилттай зохион байгуулж буй сэтгэл, зүтгэлтэй Ч.Ганжавхланг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнаж байна. Ийнхүү салбар бүрийг манлайлж буй эрхэм та бүхэнд ажил, амьдралд нь амжилт бүтээлийг хүсье” гэв.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн