Байгалийн гамшигт үзэгдэл Дундговь аймагт удаа дараалан гарч нөхцөл байдал хүндэрч байгаа учраас Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан отроор яваа иргэдийн төлөөллүүдтэй уулзав.
Аймгийн хэмжээнд 1145 өрхийн 945 мянган мал отроор хаваржиж байгаа бөгөөд малчдын зүгээс өвс тэжээлийн үнийг тогтворжуулж, хаврын хахир хатуу үеийг хохирол багатай даван туулах нөхцөлийг бүрдүүлж өгөхийг, мөн малын индексжүүлсэн даатгалд хамруулж өгөх хүсэлтийг Шадар сайд болон тойргоос сонгогдсон гишүүдэд уламжилж байв.
Өнгөрсөн гуравдугаар сарын 14-ний өдөр болсон байгалийн гамшигт үзэгдэл хүчтэй шороон шуурга Дундговь аймагт 8 цаг үргэлжилж, зөвхөн Цагаандэлгэр сумын хэмжээнд гэхэд л 50 мянга гаруй мал хорогджээ.
Энэхүү байгалийн гамшигт өртсөн өрхүүдэд 50 гэр, мөнгөн тусламжийг Улсын онцгой комиссоос олгосон билээ.
Цаашид мөн отроор яваа малчдын амьжиргааг дэмжих бодлогыг Засгийн газар, Улсын онцгой комиссоос баримталж байгааг Шадар сайд энэ үеэр онцолж хэлээд малчдад хүнсний багц олголоо. Малын чанарыг сайжруулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор малчдад хөнгөлөлттэй зээлийг Засгийн газраас олгож эхэлсэн талаар мөн онцоллоо.
Цагаандэлгэр сумын хувьд 8 аймгийн малчид оторлож байгаа бөгөөд отроор яваа малчдыг вакцинд хамруулах ажлыг шуурхай зохион байгуулах, мөн байгалийн гамшигт зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг яаралтай устгаж, ариутгал халдваргүйжүүлэлтийг даруй хийхийг аймгийн удирдлагуудад даалгалаа. Мөн аймаг орон нутгийн хэмжээнд малын зүй бус хорогдолтой холбоотой орчны ариутгал халдваргүйжүүлэлтийг цаг тухай бүрт хийх ажлыг хариуцах Ажлын хэсэг байгуулахаар болов.
Шадар сайд С.Амарсайхан Дундговь аймагт ажиллах үеэрээ Цагаандэлгэр сумын харьяат Н.Амгаланбаатарын гэр бүлд “Улсын аварга малчин” цол тэмдэгийг нь гардуулж, хүндэтгэл үзүүллээ.