Элсэлтийн шалгалт өгөх хүүхдүүдийг вакцин хийлгэсэн байхыг шаардаж байгаа тухай албан бус мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цахим хуудсанд нэлээн асуудал үүсгэв. Уг нь бол энэхүү мэдээлэл сошиалаар цацагдахаас өмнө БШУ–ны сайд Л.Энх-Амгалан ЭЕШ-т тойрсон багц асуудал албан ёсны тайлбар хийгээд байсан юм.
Тодруулбал сайд Л.Энх-Амгалан 5 дугаар сарын 13-ны өдөр шалгалтад орох сурагчдыг вакцинд хамрагд гэж шахахгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг.
Тэрбээр хэлэхдээ “Хүүхдийн вакцины асуудлыг ганц сайд толгой мэдэн шийдэхгүй. Засгийн газрын түвшинд шийдвэр гарна. Засгийн газар шийдвэр гаргахдаа ДЭМБ–ын зөвшөөрөл, зөвлөмжийг баримтална. ЭЕШ-д оролцох сурагчдыг PCR шинжилгээ өг, вакцинд хамрагд гэж шахахгүй. Хэрэв ингэж шахаж, шаардсан тохиолдол гарвал БШУЯ, БҮТ-д хандаарай” гэсэн юм.
Түүнчлэн хүүхдүүдийг вакцинжуулахтай холбоотой асуудал дээр Боловсролын үнэлгээний төвийн Шалгалт, судалгааны хэлтэс хариуцсан дарга М.Болдсайхан “Боловсролын үнэлгээний төв, БСШУЯ-наас Их, дээд сургуульд элсэн сурах гэж байгаа хүүхдүүдээс вакцин хийлгэсэн байхыг шаардаагүй” хэмээн Өдрийн сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдсэн.
Тэрбээр “Боловсролын үнэлгээний төв, БСШУЯ-наас Их, дээд сургуульд элсэн сурах гэж байгаа хүүхдүүдээс ковидын эсрэг вакцин хийлгэсэн байхыг шаардаагүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Хувь хүн өөрийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангаад вакцин хийлгэх эсэх нь тухайн хүний асуудал. Манай Боловсролын үнэлгээний төв заавал вакцин хийлгэсэн байх ёстой гэсэн шаардлага тавихгүй. Мөн Шинжилгээ өгөхийг ч шаардахгүй” гэжээ.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад КОВИД-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн байх албан ёсны шийдвэр УОК болон салбарын яамнаас гаргаагүй байна.
Гэтэл зарим иргэд цахим хуудсаар мэдээлэгдсэн хуурамч мэдээлэлд итгэж, бухимдан, хүний аминд хүрэх хэмжээний үйлдэл гаргасан нь харамсалтай. Технологийн хөгжлөө дагаад бид мэдээллийн асар их урсгал дунд амьдарч байна. Гэхдээ цахим хуудсанд мэдээлэгдсэн мэдээлэл болгоныг үнэн бодит эсэхийг нягталж, шалгах чадварыг шаардах болоод байна.
Өнгөрсөн баасан гарагт буюу 5-р сарын 21-ны өдөр БШУ–ны сайд Л.Энх-Амгалангийн бие халдсан Д.Совд гэгч нь хүүхдүүдэд коронавирусийн эсрэг вакцин хийхийг эсэргүүцэн ийнхүү халдлага хийсэн гэх мэдээлэл гараад байгаа юм.
Хэрвээ тухайн иргэн цахим хуудсанд түгсэн мэдээллийг нягталж, шалгах чадамжтай байсан бол зургаан хоногийн өмнө нь Боловсролын сайд хүүхдүүдийг вакцинд хамрагд гэж шахахгүй талаар тодорхой мэдээлэл өгснийг олж үзэх байсан биз ээ. Гэвч тухайн эрхэм нь уг мэдээллийг олж уншсан, мэдээллийг нягталж, шалгаж, энэхүү үйлдлээ хийсэн эсэх нь эргэлзээтэй байгаа юм.
Цаашид иргэд цахим хуудсаар ямар зорилго агуулж байгаа нь үл мэдэгдэх мэдээллүүдэд автаж, уур бухимдлаар асуудлыг шийдэх үү, эсвэл мэдээллийг нягталж, шалгаж, албан ёсны мэдээллийг авсны дараа асуудалд ухамсартайгаар хандаж байх уу гэдэг сонголтыг хийх ёстой болж байна.
Иргэд цахим орчинд гарч байгаа аливаа мэдээллийг нягталж шалгаж, үнэн бодит эсэхийг мэдсэний дараа үнэлэлт дүгнэлт өгөх нь ухамсарт үйлдэл гэдгийг сануулъя.
Н.ЧИНЗОРИГ