УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайдыг шүүхэд өгч, 100 сая төгрөгийг нэхэмжилж байгаагаа мэдэгдлээ
Тэрээр “Энэ сарын 10-ны Засгийн газрын 100 хоногийн тайлангийн хурал дээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ямар ч баримт нотолгоогүй миний нэр хүндэд ноцтой халдсан. Өнөөдөр би Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж байна. Нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, хариуцагчийг няцаалт хийхийг даалгах нэхэмжлэлийг гаргасан. Түүнчлэн энэ гэм хорыг арилгуулах хохиролд 100 сая төгрөгийг Ерөнхий сайдаас нэхэмжилж байна. Энэ мөнгийг би аваад цар тахлын үеэр орон гэргүй болсон, өрх толгойлсон ядарсан ээжүүдэд олгох болно” гэлээ.
Эргэн сануулахад: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногийн ажлаа тайлагнахдаа вакцин татан авалтад УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон түүний нөхөр Г.Өлзийбүрэн саад учруулахыг оролдсон гэж мэдэгдсэн юм.
Үүний хариуд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоног ярилцлагын үеэр вакцин саатуулсан гэх буруутнаар намайг нэрлэжээ. Нэг ч Монгол хүн ч өвдөхгүй байх, нэг хором ч алгуурлалгүй ард иргэдээ вакцинжуулахын чухлыг өнгөрсөн оноос авахуулаад цөөнхийн бүлэг тэр дундаа миний бие удаа дараа шаргуу шаардаж ирснийг та бүхэн мэдэх биз ээ. Болон асуудалтай холбогдуулан гэр бүлийн нэр төр, ажил үүрэгт халдсан дээрх мэдээллийг хууль хяналтын байгууллагад зохих ёсоор хандан шалгуулна” гэж байсан юм.
Л.Баяр