Colonial Pipeline дамжуулах хоолойд халдлага үйлдсэн хэрэгт АНУ сэжиглэж буй DarkSide хакеруудын бүлэглэл хэд хэдэн хохирогчоосоо криптовалютаар доод тал нь 90 сая ам.доллар буюу 73,6 сая евро авсныг Лондонд тавтэй Elliptic аналитик компани мягмар гарагт мэдээлжээ.
Кибер гэмт хэрэгтнүүд ямар биткойн ашигладгийг тогтоосон байна. 2020 оны аравдугаар сараас хойш 47 өөр газраас тэдэнд мөнгө илгээсэн байна. Дундаж төлбөр нь 1,9 сая ам.доллар буюу 1,55 сая евро болжээ. Харин өнгөрөгч хоёрдугаар сард нийт 20 сая гаруй ам.доллар авсан нь хамгийн ихээр мөнгө орж ирсэн үед тооцогдож байгаа аж.
Colonial Pipeline хэмээх АНУ-ын нефтийн бүтээгдэхүүн шахах томоохон оператор тавдугаар сард кибер халдлагад өртөж, хэдэн өдөр шатахуун тээвэрлэлтээ зогсоосон юм. Үүнээс болж зүүн эргийн хэдэн мужид түлшний нийлүүлэлт алдагджээ.
Хакерууд компьютер дээрх мэдээллийг шифрлэдэг хортой программ ашиглаж байгаад энэхүү шифрийг тайлахын тулд мөнгө төл гэж шаарддаг байна. Colonial Pipeline-ийн төлөөлөгчид хэдий хэмжээний мөнгө шаардсан, үүнийг төлсөн эсэхээ нууцалсан юм. Харин Bloomberg агентлаг тус компанийг хакеруудад 5 сая орчим ам.доллар төлсөн гэж зарласан юм.
Эх сурвалж: dw.com
Орчуулагч: Марта