Монгол залуусын ур чадвар дэлхийн хаана ч, ямар ч талбарт өндөр үнэлэгддэг. Тэдний төлөөлөл болох аялал жуулчлалын мэргэжилтэй Г.Бямбасүрэн Турк улсад хэрхэн ажиллаж, амьдарч байгааг сонирхлоо.
-Худалдаа наймаа, аялал жуулчлалын салбарт нүд татдаг Турк улсад ажиллаж, амьдрах ямар байна даа?
-Гурав дахь жилийнхээ хавартай золголоо. Яг одоогоор булга, үслэг эдлэлийн чиглэлээр онлайн бизнес эрхэлж байна. Монголын эмэгтэйчүүдэд зориулсан брэндийн бүтээгдэхүүний худалдаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй. Италийн GILBERTI брэндийн Монгол дахь бизнесийн эрхийг авсан. Хамгийн гол нь үнийн хувьд, бусад нөхцөлүүдээр маш онцгой боломжуудыг агуулсан гэрээ байгуулж чадсан.
-GILBERTI брэндийг дэлхий дахинд хэр мэдэх вэ?
-Үслэг эдлэлийн өндөр хэрэглээтэй Европ, Орост маш сайн мэднэ. Дээд зэрэглэлийн үслэг эдлэлийн брэнд. Үслэг эдлэлийн зах зээлд томоохон байр суурь эзлэх шиншилла гэхэд туулайн төрөл зүйлд ордог амьтан. Өмнөд Америкаас гаралтай, өд мэт хөнгөн зөөлөн үслэг сортой тул дэлхийн хамгийн үнэт арьсанд тооцогддог. Ердөө 700 грамм амьдын жинтэй шиншилла маш цэвэрч. Ямар нэгэн үнэргүй, хүнд их ээлтэй. Жилд гурван удаа үржилд орж, нэг удаадаа зургаан зулзага төрүүлдэг. Их жижигхэн амьтан тул шуба хийхэд олон тооны арьс ордог. Мөн боловсруулахад нарийн ажиллагаатай. Шиншиллаг рекс туулайтай андуурах тохиолдол их гардаг. Рекс бол анх 1924 онд Парисын олон улсын туулайны үзэсгэлэнд танилцуулагдсан шинэ төрлийн туулай. Шиншиллагийн боловсруул¬сан арьс өнөөдөр дэлхийн зах зээл дээр 70-100 ам.долларын үнэтэй байна. Загвар, хэмжээнээсээ шалтгаалаад нэг шубанд хэрэглэгдэх арьсны тоо харилцан адилгүй. Жишээ нь, дундаж хэмжээний шиншилла шубанд 60-80 ширхэг арьс ордог. Тиймээс шиншилла шуба хэрэглээ бол яах аргагүй үнэт үслэг эдлэл буюу тансаг хэрэглээ л дээ. Энэ бол GILBERTI брэндийн үндсэн нэрийн бүтээгдэхүүний нэг.Свакара, тоскана, каракул, астракан зэрэг нь бүгд ондоо үүлдрийн хонины арьснууд. Хамгийн гол нь өвөрмөц арьснууд болохоор боловсруулалтын нэрийн технологио дагаад үнэ цэнэ нь өндөр байдаг.Энэ тансаг хэрэглээг л монгол эмэгтэйчүүд аль болох үйлдвэрийн үнээр, загварын шилдгээр хүртээсэй гэж хүсдэг.
-Сүүлийн үед булга биш шиншилла, мөн свакара төрлийн шуба их эрэлттэй байгаа гэх юм билээ?
-Монгол хэрэглэгчдийн хувьд тийм зүйл ажиглагдаж байгаа. Гэхдээ Монголын зах зээлд хангалттай түвшинд загвар, өнгө, чанартай үслэг эдлэл танилцуулагддаггүй. Үнийн асар их хөөрөгдөлтэйгөөр худалдаалагддаг. Булга, минж булга, суусар бүгд л ижил эрэлттэй тансаг эдлэл. Эзэн Чингис хаан ч их улсаа байгуулах онцгой цаг үедээ булган дээл ашигласан нь монгол ахуй дахь булга, үслэг эдлэлийн философийг илэхийлнэ.
-GILBERTI брэндийн үслэг эдлэл Монголын зах зээлд бидний төсөөлдгөөс хямдаар орж ирэх боломж¬той хэрэг үү?
-Нэгдүгээрт, хямд нь үнэн. Хоёрдугаарт, хамгийн сайн чанар, загвар мөн гэдгийг батлахын тулд GILBERTI брэндийн түүхийг цухас дурдъя.Брэндийг үүсгэн байгуулагч Адем Угурэр одоогоос 35 жилийн өмнө цэл залуудаа Итали улсад очжээ. Бүтэн 15 жил тус үйлдвэрт ажиллахдаа арьс үслэг эдлэлийг боловсруулах аргыг эзэмшихээс гадна үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд борлуулах бизнесийн ухаанд суралцжээ. Ингээд GILBERTI нэрийг авч Итали улсад албан ёсоор брэнд болгон бүртгүүлж. Өнөөдөр 50 гаруй ажилтантай. 10 гаруй загвар зохион бүтээгчтэй. Дэлхийд дээд зэрэглэлийн үслэг арьс. Шилдэг загвар. Чанар.
-Чанарыг цахимаар амлаж, хэрэглэгчийн итгэлцлийг хүлээж, хадгалж явна гэдэг амаргүй байх. Цахим, дижитал харилцаанд дэлхий шилжиж байгаа ч үнэт эдлэлийн хувьд хэтэрхий шинэлэг нөхцөлд байна уу даа?
-Мэдээж амархан ажил гэж байхгүй. Тэр дундаа бизнес эрхлэх бол амархан ажил биш. Хамгийн гол нь итгэлцэл. Тиймээс онлайн үйлчилгээ эрхэлж байгаа фэйсбүүк хуудас дээрх өөрийнхөө талаарх мэдээллийг маш тодорхой үнэн бодитоор бичсэн байх ёстой. Тэгээд хэрэглэгчдэдээ мэдээллийг чин үнэнээр нь хүргэх. Үслэг эдлэл бол үнэтэй бараа бүтээгдэхүүн. Тийм учраас манай хэрэглэгчид надад итгэж их хэмжээний төлбөр тооцоогоо шилжүүлдэг. Зөвхөн надад, манай онлайн үйлчилгээнд итгээд гучин сая төгрөг хүртэл шилжүүлж байсан.Энэ бүхнээс их урам зориг авдаг даа/инээв/.
-NAFA булга гэж яригддаг. Бусад булганаас юугаараа ялгаатай вэ?
-NAFA нь арьс үслэг эдлэл үйлдвэрлэгч, боловсруулагч байгууллага биш.NAFA гэдэг нь North American Fur Auction гэдэг үгийн товчлол. Өөрөөр хэлбэл, Хойд Америкийн Үслэг Эдлэлийн Бирж гэсэн утгатай үг. Үүнээс гадна үслэг арьсныCopenhagen Furs, SAGA Furs, American Legend Furs гээд дэлхий даяар үндсэн дөрвөн томоохон бирж байдаг. Эдгээр биржүүдэд үслэг амьтдын арьс дуудлага худалдаагаар борлуулагддаг. Бүх төрлийн амьтны арьс төрөл бүрийн өнгө, чанараар худалдаалагддаг. Олон улсын биржүүдэд зөвхөн тодорхой хэмжээний шаардлага хангасан үслэг эдлэл үйлдвэрлэгч л оролцох эрхтэй. Гэвч NAFA-гийн гэхээр л хамгийн сайн нь гэж ойлгож болохгүй.
-Дэлхий даяар бизнесүүд “COVID-19” тахлаас болж уналтад орлоо. Энэ нөлөө¬лөл үслэг эдлэлийн салбарт ямар байна?
-Маш муугаар нөлөөлсөн. Ялангуяа Дани улс 2020 онд 17 сая булгыг ковид туссан гэсэн шалтгаанаар устгалд оруулсан. Ингэснээр булга үслэг эдлэлийн зах зээлд хомсдол үүсч, дагаад үнийн өсөлт хурдацтай байна. Өнгөрсөн жил үйлдвэрлэлийн үйл ажиллагаа бүхэлдээ доголдож байсан бол энэ жил булга үслэгийн үнэ маш хурдацтай өсч байна. Ойрын 4-5 жилийн хугацаанд тогтворжихооргүй байна. Энэ байдал нь үслэг эдлэл дулаан цагт хямдардаг гэсэн ойлголтыг тэр чигээр нь өөрчиллөө. Үндсэндээ өмнөх цаг үеэс эсрэгээрээ яг одоо л үслэг эдлэлээ худалдан авбал ашигтай болжээ.
-Үслэг эдлэлийн зах зээлтэй цуг амьтны эрхийн асуудал яригдана. Тань руу ер нь амьтны эрх хамгаалагчид холбогдож байсан уу?
-Тийм тохиолдол байгаа¬гүй. Ер нь, амьтны эрхийн асуудал ярьдаг хүмүүс үнэхээр амьтны эрхийн төлөө байдаг бол таван хошуу малынхаа ч эрхийг хамгаалах хэрэгтэй гэж боддог. Учир нь,таван хошуу малынхаа махыг хүнсэндээ хэрэглэж, арьс үсийг нь ахуйдаа ашигладаг. Арьс үслэг эдлэл үйлдвэрлэгч гэхээрээ учир утгагүй амьтан хөнөөж, түүнийг нь өмссөн хэрэглэгч харгис юм шигээр ойлгоно гэдэг нэг талыг барьсан ойлголт л доо. Булга, шиншила гээд бүх л амьтныг өнөөдөр фермийн аргаар үржүүлж дэлхийн зах зээлд нийлүүлдэг. Мал аж ахуйтай адилтган ойлгоход ердөө буруудахгүй.Дани гэхэд булганы аж ахуйг тэргүүлэгч салбараараа хөгжүүлсэн.
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН С.ЦЭЦЭГ