Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун сүүлийн үед дэглэм нь нурах вий гэдэгт маш ихээр санаа зовох болжээ. Үүнтэй холбоотойгоор тэрбээр өөрийгөө илэрхийлж болох хэд хэдэн арга хэмжээ авахаар болсон талаар Daily Mirror-т тэмдэглэжээ.
Үсний хувьд БНАСАУ-д саяхныг хүртэл зөвшөөрөгдсөн цөөн хэдэн засалт бүхий жагсаалттай байсан. Харин одоо энэ жагсаалт улам хумигдаж байна. Одооноос эхлэн тус улсад “кефаль” засалтыг хоригложээ. Виктор Цой, Дэвид Боуи, Пол Маккартни болон бусад жүжигчид ийм үстэй байсан юм.
Ким Чен Ун моод залуусыг завхруулж, капиталистууд болгон хувиргадаг гэж үздэг. Тиймээс энэ дүрмийг зөрчвөл социалист нийгэмд байх газаргүй болж, хөдөлмөрийн лагерь луу илгээнэ гэжээ.
Тус улс сүүлийн үед БНАСАУ-ын үлгэр жишээ иргэн байх тухай соёл гэгээрлийн ажил явуулах нь нэмэгдэж байна. Өдөр тутмын “Нодон синмун” сонинд саяхан “Хэрэв бид өөрсдийн амьдралын хэв маягийг дагаж мөрдөхгүй бол улс орон эдийн засаг, батлан хамгаалах хүчнээс үл хамааран эмзэг болж, эцэст нь нойтон хана шиг нурж унах болно гэсэн чухал сургамжийг түүх бидэнд өгсөн юм” гэж анхааруулжээ.
Эх сурвалж: mir24.tv
Орчуулсан Э.Март