Токиогийн олимпын наадмын бамбар аян замдаа гараад байгаа бөгөөд Тоттори мужийн Тоттори хотын олимпын бамбарын буухианд Монгол залуу оролцохоор болжээ. Тодруулбал “Тоттори Жёохокү” ахлах сургуулийн багш, сүмо бөхийн дасгалжуулагч Р.Гантөгс ажээ. Тэрбээр Монгол Улсын нэрийн өмнөөс сүмо бөхийн Дэлхийн болон Азийн аваргын тэмцээнд оролцож байснаараа ийнхүү сонгогджээ.
Р.Гантөгс энэ сарын 22-нд 19:00 цагаас Тоттори хотын Бамбарын буухианд оролцоно. Нийт 40 хүн гүйх бөгөөд Тоттори мужаас төрсөн олимп, дэлхийн медальтнууд, Токиогийн олимпод оролцох тамирчид сонгогдож, үлдсэн эрхийг нутгийн иргэдэд сугалаагаар олгожээ.
Бамбар Японы нийт 47 мужаар айлчлан зочлоод ирэх долоодугаар сарын 23-нд Токиод хүрч, олимпын наадам дуустал Токиод мандах юм.
Л.Баяр