Сонгинохайрхан дүүрэг бол Улаанбаатар хотын иргэдийн 30 орчим хувь нь амьдардаг том дүүрэг. Тэр ч утгаараа энэ дүүрэгт халдвар авсан иргэдийн тоо өндөр байгаа юм. Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй амьдралын төлөө, нэг ч гэсэн иргэний амь насыг хамгаалахын төлөө хичээнгүйлэн зүтгэж байгаа эмнэлгийн салбарынхнаа удирдлага, арга зүйгээр хангахад нийслэлийн удирдлагуудын зүгээс онцгойлон анхаарч ажиллаж байна. Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар СХД-ийн шинээр байгуулагдсан Нэгдсэн эмнэлэг болон Баянхошуу амбулатори, мөн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
СХД-ийн жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралтын ерөнхий төлөвлөлт, схемийг Голланд, барилгын ажлын зураг төслийг Солонгос, барилгын гүйцэтгэлийг Австри Улсын “Вамед” ХХК хийж, ашиглалтад оруулаад байгаа юм. Тус эмнэлэг нийт 264 нэр төрлийн 1133 тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй бөгөөд багаж хэрэгслүүд бүгд Европ стандартын шаардлагад нийцсэн байна. Нэгдсэн эмнэлэг гимодиализийн тав, өдрийн эмчилгээний хоёр, төлөвлөгөөт мэс заслын гурван өрөөтэй, өвчтөн тээвэрлэх зориулалтын цахилгаан шаттай аж. Энэ цахилгаан шат нь бусад эмнэлэгт байдаггүй. Энэхүү эмнэлэг хүүхдийн эмнэлэг дээр суурилан баригдсан учир хүүхдийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна үйлчилгээний тоо чанараа нэмэн, 28 нэр төрлийн амбулаторийн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд шүдний кабинет үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Нэгдсэн эмнэлэгт 20 ортой эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ үзүүлэх тасаг 2024 онд нээгдэхээр төлөвлөгдсөн. Одоогийн байдлаар СХД-ийн 11 хорооны жирэмсэн эхийн тусламж үйлчилгээ, нөхөн үржихүйн эрүүл мэндийн нэгдсэн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм. Сэргээн засах тусламж, үйлчилгээг жишиг байдлаар хөгжүүлэхээр зорьж байгаа аж. Мөн коронавирусийн халдварын үед өдрийн сэргээн засах тусламж үйлчилгээг хийж байна. Үүнд үйлчлүүлэгчид сэтгэл ханамжтай байгааг тус эмнэлгийн дарга Ц.Олонбаяр хэлж байлаа. Тус эмнэлгийн нэг онцлог нь тасаг болон амбулаторийн хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан ариун цэврийн өрөөтэй. Өвчтөнийг хагалгаанд бэлтгэж унтуулах явцаас зарим иргэн айдаг. Тэдгээр иргэнийг унтуулж, тайвшруулахын тулд хөгжим сонсгох үйлчилгээ нэвтрүүлсэн байна. Мөн Монгол орны үзэсгэлэнт газруудын зургийг Итали Улсад захиалж хийлгэсэн бөгөөд тус зурган дээр нян үрждэггүй. Хагалгааны явцад камерын бичлэг хийж, мэс заслын эмч дэлгэцээр хагалгаагаа харж, бусад хүн хянах бүрэн боломжтой. Нэгдсэн эмнэлэгт хавдартай хүмүүсийг эмчлэх тасгийг байгуулахаар ажиллаж байгаа аж. Мөн дотрын тасаг, мэдрэлийн тасаг, сэргээн засах уламжлалт эмчилгээний насанд хүрэгчдийн тусламж үйлчилгээний тасгийг нээх юм.
Тус эмнэлэгт өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар авсан 193 хүнийг эмчилж байна. Хэдийгээр коронавирусийн халдвар авсан иргэдийг эмчилж байгаа ч ерөнхий эмчилгээгээ алдагдуулахгүйгээр ажиллаж байгаагаа тус эмнэлгийн дарга Ц.Олонбаяр хэлсэн. Цаашид эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагаанд гаднын стандартын дагуу, хүн өвддөг биш, өвдөхөөс урьдчилан сэргийлдэг нийгмийн эрүүл мэндийн хүрээнд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготой ажиллаж байгааг мөн онцоллоо.
Хамгийн их хүн амтай СХД-ийн иргэдэд харьяаллын төрөх эмнэлэг байдаггүй. Зарим нь ЭХЭМҮТ-д, зарим нь 2-р төрөх буюу “Хүрээ амаржих газар”-т амаржиж байгаа. Төрөх эмэгтэйчүүд нэг газарт хянуулж, тэр газраа төрдөг дүүргийн эмнэлэгтэй болох асуудалд УИХ-ын гишүүн П.Анужин онцгойлон анхаарч байгаа бөгөөд цар тахлын хүнд үед улс эх орныхоо аюулгүй байдлын төлөө хүчээ бүрэн дайчилж байгаа эмч сувилагч, эмнэлгийн бүх ажилчдад талархал илэрхийлсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн Эрүүл мэндийн газар, НЗДТГ-тай хамтран боловсон хүчнийг чадавхжуулах асуудалд онцгой анхаарах ёстой. Ялангуяа орчин үеийн тоног төхөөрөмжтэй эмнэлгийн эмчилгээ, оношилгооны дүгнэлтүүд англи хэл дээр гардаг. Тиймээс эмч нарыг анхан шатны англи хэл биш, мэргэжлийн англи хэлний ахисан түвшний сургалтад хамруулж чадавхыг эрс нэмэгдүүлэх хэрэгтэй. Иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, боловсрол хамгийн чухал. Хотын Засаг даргын хувьд би энэ асуудалд өндөр ач холбогдол өгч ажиллана” гэлээ.
СХД-ийн Эрүүл мэндийн төвийн салбар Баянхошуу амбулаторийн нэг эмч өдөрт 25-30 жирэмсэн эхийг үзэх ёстой. Гэтэл ачаалал ихтэй үед 50-60 эхийг үзэж байгаагаас эхчүүд гомдол гаргадаг байна. Тиймээс жирэмсэн эхчүүдийг үзэх таван эмч хэрэгтэй, мөн амбулаторийн тоног төхөөрөмж хуучирсан учир шинэчлэх шаардлагатай байгааг тус амбулаторийн эрхлэгч Ж.Болортуяа онцолсон. Баянхошуу бүс түр оршин суугчтайгаа нийлээд 120 мянга гаруй иргэнтэй. Зүүн салаанд амьдардаг хүн хавдрын үзлэгт орохын тулд 1-р хороолол, Цамбагаравын эмнэлэгт очихгүйгээр Баянхошуу амбулаторид үзүүлдэг кабинеттай байх, мөн дотоод шүүрэл, дархлааны системээ үзүүлдэг байх хэрэгтэй юм. 21-р зуунд сахрын өвчин, дотоод шүүрлийн өвчин ихсэж байгаа. Чихрийн шижин өвчнийг чимээгүй тахал гэж нэрлэдэг. Иргэд энэ өвчнөө мэдэхгүй удаан явснаар хүндрүүлдэг байна. Баянхошуу амбулатори бэлгийн замын өвчин, дотоод шүүрэл, хавдрын үзлэг хийдэг болох зорилготой ажиллаж байна.
СХД-ийн Эрүүл мэндийн төвийн салбар Баянхошуу амбулаторийн эрхлэгч Ж.Болортуяа “Баянхошуу амбулаторийн шинэ барилга 2020 оны арванхоёрдугаар сарын 20-нд нээлтээ хийсэн. Ингэснээр эмнэлгийн хүчин чадал гурав дахин нэмэгдсэн. Хуучин ахмадын тасаг гэсэн нэртэй 35 ортойгоор үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо 100-150 орны хүчин чадалтай, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Амбулаторийн үйлчилгээндээ бид 25 төрлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр бэлэн болоод байна. Тусламж үйлчилгээний төрөл нэмэгдсэний хэрээр эмч, сувилагч, боловсон хүчний асуудал нэмэгдэж байна” хэмээн ярилаа.
Эмнэлгийн барилгад хайнга хандсан компаниудыг хар жагсаалтад оруулах хэрэгтэй
СХД-ийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга 2020 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орох байсан ч “Карказ зураг” компанийн алдаанаас болж, гал тогоогүй хийгдсэн байна. Тус эмнэлгээр СХД-ийн 29, 30, 31 дүгээр хорооны иргэд үйлчлүүлэх ёстой. Иймээс дээрх компанийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулан, алдааг бүрэн засах хэрэгтэйг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэлсэн. Тэрбээр “200 ортой эмнэлэг гал тогоогүй байж болохгүй. Эрүүл мэндийн нэгдсэн төвийн үйл ажиллагааны стандарт, чанарын дагуу үйл ажиллагаа явуулах ажлын байр зайлшгүй шаардлагатай. Сонгинохайрханчууддаа, ахмадууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмнэлгийн үйлчилгээг тэгш үзүүлэх ёстой. Үүнд нийслэлийн Засаг даргын хувьд онцгой анхаарч ажиллана. Эрүүл мэндийн төвийн байрыг шинэчлэн засварлах, олон улсын түвшний чанар, стандартад нийцсэн, эмнэлгийн үйлчилгээ явуулах тохижилтыг заавал хийх ёстой. Цаашид барилгын салбарт, ялангуяа эмнэлгийн барилга, байгууламжийн ажилд хайнга хандаж байгаа компаниудыг хар жагсаалтад оруулж зарлах хэрэгтэй. Мөн Баянхошуу дэд төвийг орчин үеийн шийдэл бүхий төв байхын төлөө бодлого гаргаж ажиллаж байгаа. Эмнэлэг үйлчилгээний ажлыг улам эрчимжүүлж орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж, компьютерын дэмжлэг үзүүлнэ. Өнөөдрийн хүнд нөхцөл байдлыг үүрч гарч байгаа хүмүүс бол эмч, эмнэлгийн салбарын хүмүүс. Хотын даргын хувьд та бүгдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ковидгүй Улаанбаатарын төлөө, ковидгүй зуны төлөө хүчээ нэгтгэн ажиллахыг уриалж байна” гэлээ.
СХД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан “СХД-ийн Эрүүл мэндийн төвийн барилга нь стандартын бус, зочид буудлын зориулалттай барилга. Тус эмнэлэг СХД-ийн 33 хорооны 330 мянга гаруй хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. 28 төрлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ, 43 хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн ажлыг чиглүүлэхэд хамтарч ажилладаг. Манай байгууллагаар долоо хоногт давхардсан тоогоор 2000 гаруй иргэн үйлчлүүлдэг” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар СХД-ийн Эрүүл мэндийн төвд хэдэн тоног төхөөрөмж шинэчлэх шаардлага байгааг нарийвчлан гаргахыг СХД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайханд үүрэг болголоо.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС