УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Би энэ хуулийн төслийг дэмжиж байна. Ж.Сүхбаатар гишүүн бид хоёр Ковидын хуульд ломбардтай холбоотой үйл ажиллагаан дээр зохицуулалт хийх гээд мэдээлэл цуглуулж байхад улсын хэмжээнд хэчнээн ломбард байгаа тоог ч нэгтгэж гаргаж чадахгүй байсан. Дээр нь хэр их хэмжээний мөнгө эргэлдээд байгаа нь ч асуудалтай. Зохицуулалт байхгүй учраас ломбардтай холбоотой хохирсон иргэд Санхүүгийн зохицуулах хороо руу нэлээн утас цохидог юм билээ. СЗХ манай зохицуулалтад байдаггүй.
Цагдаа, ШӨХТГ руу ханддаг гэсэн. 2020 оны намар цагдаатай хийсэн судалгаагаар хүний эрхтэй холбоотой зөрчлүүд хүртэл илрүүлсэн байсан. Судалгаагаар 100 гаруй салбартай, банк шиг том болсон ломбардууд ч байна. ББСБ-ууд ч доороо ломбард ажиллуулж байна. Хэд л бол хэдээр хүү тооцож, хүмүүсийн эд хөрөнгийг хэд л бол хэдээр доош нь үнийг нь унагааж барьцаалж болж байна. Дээр нь улаан цайм гэрээ зөрчсөн байдлаар эд хөрөнгө барьцаалж байна. Хүн эд хөрөнгөө барьцаалуулаад алгын чинээ цаас авдаг юм билээ. Алданги тооцоход Иргэний хуулиар 232,6 үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй гэж байхад 1 хувиар тооцоод тавьчихсан, иргэдийн санхүүгийн мэдлэг дутуу байгаа дээр мөнгө санхүүгийн нэн шаардлагатай байгаа дээр дөрөөлөөд үйл ажиллагаа явуулж байна.
Нэг хэсэг нь мөнгө хүүлээд байгаагаа ч мэдэхгүй, хүүлүүлээд байгаагаа ч мэдэхгүй. Чөлөөт зах зээл гэж ярьдаг дэлхийн бүхий л улс орнуудад энэ зохицуулалтыг хийсэн юм билээ. Манайд л өнөөдрийг хүртэл зохицуулалтыг явж ирсэн” хэмээв.
Н.Батаа