Мотоциклын ослын улмаас Монгол Улсын залуу малчин иргэд амь насаа алдсаар байна. Мотоциклын ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл өглөө.
– Улсын хэмжээнд хэчнээн мотоцикл бүртгэлтэй байдаг вэ?
Автотээврийн үндэсний төвийн нэгдсэн санд 2020 оны байдлаар 1.137.208 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 67,796 буюу 6.0 хувь нь мотоцикл байна. Үүнээс 9,834 буюу 14.5 хувь нь нийслэлд, 57,962 буюу 85.5 хувь нь орон нутагт бүртгэлтэй байгаа ба мотоциклтой хөдөлгөөнд оролцож яваад амиа хохирсон иргэдийн 81 хувь нь орон нутгийн замд бүртгэгдсэн байна.
– Сүүлийн 10 жилийн байдлаар мотоциклтой осол, хэргийн улмаас хэчнээн хүн гэмтэж, амь насаа алдсан бэ?
Судалгаагаар сүүлийн 10 жилийн байдлаар мотоциклтой 4,925 зам тээврийн осол, хэрэг бүртгэгдсэний улмаас 2,132 хүн гэмтэж, 698 хүний амь хохирсон байна.
Өнгөрсөн 2020 онд энэ төрлийн 479 осол, хэрэг бүртгэгдэж, ослын улмаас 295 хүн гэмтэж, 74 хүний амь хохирсон ба нийт ослын 80.8 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харин энэ оны эхний 5 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар энэ төрлийн 92 осол, хэрэг бүртгэгдэж, 51 хүн гэмтэж, 27 хүний амь хохирсон байна. Тухайлбал:
Өвөрхангай аймагт 4,
Архангай, Баян-Өлгий, Төв аймгуудад тус бүр 3,
Булган, Дорноговь, Өмнөговь, Хөвсгөл, Хэнтий аймгуудад тус бүр 2,
Дундговь, Сэлэнгэ, Увс, Ховд аймагт тус бүр 1 хүний амь хохирсон байна.
– Энэ төрлийн осол, хэргийн улмаас амь хохирсон иргэдийн хүйсийн хувьд ямар байсан бэ?
– Зөвхөн энэ оны 5 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар энэ төрлийн осол, хэргийн улмаас амь хохирсон 27 хүний 26 нь эрэгтэй, 1 эмэгтэй хүний амь хохирсон бол хөдөлгөөнд оролцсон хэлбэрээр нь жолооч 23, зорчигч 4 бүртгэгдсэн байна.
– Мотоциклын осол, хэрэг аль аймагт хамгийн их бүртгэгдэж, өргөнөөр хэрэглэж байна вэ?
– Өнгөрсөн 2020 онд Архангай аймагт 23, Баянхонгор аймагт 35, Өвөрхангай аймагт 33, Сүхбаатар аймагт 29 мотоциклын осол, хэрэг бүртгэгдсэн бол Баянхонгор аймагт 5,863, Өвөрхангай аймагт 4,795, Дундговь аймагт 4,436, Төв аймагт 4,345, Увс аймагт 4,276 мотоцикл бүртгэлтэй байгаа нь бусад айгуудаас мотоциклын хэрэглээ илүү байна.
– Ослын шалтгаан нь юунд байна вэ?
Мотоциклтой зам тээврийн осол, хэргийн гол шалтгаан нь “хурд хэтрүүлж онхолдох”, “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, онхолдох, үл хөдлөх зүйл мөргөх” зэрэг хэлбэрээр үйлдэгдсэн бол хамгаалах малгай хэрэглээгүй улмаас толгойндоо гэмтэл авах, ууц нуруу, гар хөл нь хугарах зэргээр амь нас эрүүл мэндээрээ хохирсон байна.
Мөн 2020 онд согтуугаар мотоцикл жолоодсон 1,377 жолоочийг илрүүлсэн.
– Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн осол, хэргийг бууруулах зорилгоор ямар арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна вэ?
– Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хор уршгийг иргэдэд таниулах, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Улсын хэмжээнд “Мотоцикл”, “Хамгаалах малгайгаа тогтмол хэрэглэж хэвших” “Мотоциклын техникийн бүрэн бүтэн байдал” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Мөн орон нутагт иргэдийн өргөнөөр ашиглаж байгаа бүртгэлтэй болон бүртгэлгүй мотоциклын судалгааг гаргах ажлыг зохион байгуулан цаашид шинээр хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран ажиллахаар төлөвлөн ажиллаж байна.
– Та энэ төрлийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор мотоцикл ашигладаг иргэддээ сэрэмжлүүлэг өгөөч?
Мотоциклын хөдөлгөөнийг 10 дугаар сарын 1-ний өдрөөс 4 дүгээр сарын 1-ний өдрийн хооронд тухайн аймгийн Засаг даргын захирамжаар хөдөлгөөнд оролцохыг хориглодог тул энэ хугацаанд ашиглахгүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах малгай тогтмол өмсөж хэрэглэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.