Хөвсгөл аймгийн хоёр суманд өчигдөр нийт гурван удаагийн 3,8-4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тодруулбал, өчигдөр тус аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар 19:24 цагт 4.0 магнитудын хүчтэй, 22:23 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.
Мэдээллийн дагуу Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгийн газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад “Эхний газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй, дараагийнх нь бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй” хэмээн мэдэгдсэн байна.
Мөн тус аймгийн Рэнчинлхүмбэ сумын тавдугаар багийн “Чулуут” гэдэг газар 19:37 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд газар хөдлөлтийн чичирхийлэл тухайн газарт нутагладаг иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.