Р.ЭМҮЖИН
Мөнхшүр гэдэг хувь хүндээ учир нь байгаа юм биш ээ, ард нь цагдаагийн алба, сэтгүүлзүйн нэг мөчир болсон хэвлэлийн алба гэсэн том айлын нэр хүнд, зарчмын асуудал хөндөгдөж байгаа болохоор эл явдал олны анхааралд хүссэн, хүсээгүй ороод ирлээ. Ер нь бол хоёр том албаны ажлын зарчим хоршоод ороод ирээгүй бол энэ бүсгүйн тухай бичээд байх шаардлага ч алга. Төрийн хувцас өмсөж, түмний татвараар цалинжиж, ард түмнийхээ энх мэндийн манаанд зогсоно гэдэг өөр л дөө.
Гоёл зүүсгэл биш, гомдол тунирхал ч биш. Танил талаараа хэвлэлийн танхим хүртэл өгсчихөөд тараа таниулаад явдаг алба ч биш. Өдөр тутмын сонин, телевизүүдэд мэдээ бичээд гүйсэн юм гэхэд энэ охин гологдоно. Ярианы найруулга, биеийн хэлэмж, мэдээлэл өгч байгаа өнцөг нь дулимаг, дээр нь зөөллөсхийж түгээх учиртай мэдээг хатуурхан зарлахаас эхлээд төрийн төржсөн байр суурин дээр байхад тохиромжгүй. Өөрөөр бол хөөрхөн л охин, гайхах юм алга.
Цагдаагийн болон энэ байгууллагын хэвлэлийн албанд олон жил ажиллаж, олон шалгуур давж, олон ачаа үүрч зүтгэсэн хүмүүсийн урдуур Нямдоржийн нэрээр, Баатархүүгийн ивээсээр үсрээд ороод ирсэн тухай тэр үедээ хэвлэлийнхэн өөр зуураа хэлэлцээд л өнгөрсөн. Өгөөд байгаа мэдээллүүд нь хэт ойлгомжгүй болчихоод, өөрийн эрхгүй л шүүн ярилцсан хэрэг. Мэдээлэл авах гээд гүйж яваа сэтгүүлчидтэй хүртэл доромж харилцсан тохиолдол цөөн бус, энд дурдаад яахав.
Цаг хугацаа түүний царайг таниулж, цавчааны хүн гэдгийг нь илчилж дээ. Дээрээсээ татаастай, дэргэдээсээ түлхээстэй байлаа гээд цагдаа болчихдоггүй юм, охин минь. Гудамжинд гутлаа даахгүй болтлоо зогсож буй цагдаа нарынхаа зовлон жаргалыг ойлгож, хуваалцаж чадахгүй байгаа бол хэчнээн гоё, хэчнээн арын хаалгатай, хэчнээн мэргэжилтэй байгаад ч өр зүрхээрээ чи цагдаа биш, өргөсөн цолоороо бас хэн ч биш. Ийм л учиртай юм.
Амь нэгтэй, алба нэгтэй, зорилго, зүтгэл нэгтэй, хөлс цус нэгтэй байж хашдаг алба шүү.
Шороотой гудамжинд, цас бороо, нар салхинаар зогсож байдаг хэдэн бор цагдаад маань мөрдөс нэгтнээрээ доромжлуулах нь л дутаж гэнэ. Сонгинохайрхан дүүрэгт зохицуулалт хийж байсан цагдаатай муудалцан, намайг таньсангүй гэж хоорондоо үг хаялцсаны улмаас хөдөлгөөнд саад учруулж бөглөрөл үүсгэсэн тухай мэдээлэл гарсан.
Мөнхшүрийг таниагүй цагдаа гурван сарынхаа 20 хувиар торгуулсан тухай эхнэр нь бичиж, зарим сайтууд мэдээлсэн байна.
Мөнхшүрийг ч бас торгосон гэнэлээ, гэхдээ энэ торгууль эл хандлагыг засч чадсан уу, хорсол төдий болоод өнгөрөв үү? Хасагдсан цалин биш, хандлагаа өөрчлөх нь энэ тохиолдолд чухал болчихож байгаа юм. Яагаад таних ёстой гэж? Хүнд танигдахаар ямар гавъяа байгуулсан хүн юм? Гурван жилийн дотор ахмад болтлоо цол ахисан гээд бүгд таних учиртай юу? Иргэдийнхээ өмнө эв нэгдэлтэй байх учиртай цагдаа нар хоорондоо иймхэн шалтгаанаар хэрэлдэж толхилцоод байх нь зүйд нийцэх үү? Цаашдаа энэ бүсгүй цагдаа нарын хөлс хүч, эрүүл мэндээ хагаслан байж илрүүлсэн хэргүүдийн талаар Цагдаагийн байгууллагын нүүр царай нь болоод мэдээлээд зогсох эрхтэй юү? Ингэхэд мэдээгээ өөрөө бичиж чадаж байгаа юу? Хэвлэлийн алба гэдэг чинь сэтгүүлзүйн салбарын нэг мөчир юм л даа.
Нэмж хэлэхэд яагаад ийм өлөн юм бэ?
Сайд, агентлагийн дарга нарын нууц амрагууд, үр хүүхдүүд гадаадад суух консул болтлоо төрд өндрөө авдаг зуршил бүр тогтсон. Эгэл түмний үрс өөрсдөө ажил хайгаад, олоод, чадлаараа, боловсролоороо зүтгэж байхад бүх яам, газруудад байдаг хэвлэлийн албанд хүртэл танил талаараа яриулж, өргүүлж татуулан ажилд орж л байдаг, оруулж л байдаг хэн хэн нь юутай эмгэнэлтэй хүмүүс вэ?
Мөрдөс нэгт цагдаа гэдэг үгээ эхлээд агуулгаар нь ойлго, мөрдөс нэгтэй, мөр нэгтэй байж чадахгүй бол чадалтай, чансаатай, мөн чанартай хүнд нь зайгаа тавьж өг.
Татаасны хүн татаасны зангаа гаргаж, татаасны чанараа илчилж байгаа нь энэ үү? Цагдаагийн дүрэмт хувцас гоё юм, хүнээ олж өмсүүлэхгүй бол голмоор юм гэдгийг эндээс харлаа. Төрийн албанд төрлийн хүнээ ажиллуулах гэж байгаа бол дунд сургуулийн сурагч байхаас нь эхлээд хүн байх, хүнлэг байх, төр төлөөлөх, төржиж ажиллах талаар зааж сурга, сайд нар аа! Залуу хүний богцонд агуулга болгож дайлаа шүү, замын уртад ухаарал болог дээ.