Италийн Ром хотын их сургуулийн Дотоод шүүрэл, сексологийн хэлтсийн Системийн анагаах ухааны газрын эрдэмтэд ковидоор өвдөөд эдгэрсэн эрчүүдийн чалх буурдаг болохыг мэдээлжээ. Судалгаанд 100 эрэгтэй орсноос 25 нь коронавирусийн халдварт өртөөд эдгэрсэн байна. Харин 75 нь эрүүл буюу хяналтын бүлэгт багтжээ. Гэтэл ковидоор өвчлөөд эдгэрсэн эрчүүдийн дунд бэлгийн чалх буурсан нь 28% байсан бол эрүүл хүмүүсийн дунд 9,33% тохиож байжээ. Өөрөөр хэлбэл ковид эрчүүдийн бэлгийн амьдралд нөлөөлдөг гэсэн үг.
Үүнийг тайлбарлуулахаар “КП” агентлаг Оросын анагаах ухааныг дэлгэрүүлэгч, дотрын дээд зэрэглэлийн эмч Алексей Водовозовт хандсан байна.
Энэ эмч тайлбарлахдаа, “Итали эрдэмтдийн судалгаа тийм ч чанартай судалгаа болж чадаагүй, сонголт бага байна. Гэхдээ энэ ковидын дараах гэсэн асуудалд анхаарал хандуулжээ. Өнөөдөр хүн бүр ковидын дараах синдром гэдгийг мэддэг болоод байна. Янз бүрийн эх сурвалжийн мэдээллээр ковид тусаад эдгэрсэн хүмүүсийн 25-50% нь ямар нэгэн хэлбэрээр ковидын дараах синдромд өртөж байгаа. Энэ нь юу вэ? Вирус биед байхгүй, өөрөөр хэлбэл PCR шинжилгээгээр тодорхойлогдохгүй ч тухайн хүний бие сул, ханиалгаж, анхаарал төвлөрөлт, ой санамж муудах зэрэг 20-30-аад шинж тэмдэг илэрдэг гэсэн үг. Бэлгийн чалх суларна гэдэг нь эдгээр шинж тэмдгүүдийн тоонд ордог. Тиймээс Италийн эрдэмтдийн мэдээлэл бол тэдгээрийн нэг хэсэг. Гэхдээ ковидын дараа эмэгтэйчүүдэд бэлгийн дур хүсэл буурч, тэг түвшинд ч хүрэх тохиолдол байдаг нь тогтоогдсон” хэмээжээ.
Ковидын дараа хүний бэлгийн амьдралд өөрчлөлт ордог нь учиртай аж. Вирус хүний жижиг судаснуудад нөлөөлдөг. Хялгасан судас хүний биед бүхэлд нь оршдог. Вен, артерийн судсанд ч нөлөөлдөг байна. Гэтэл венийн судсаар цус гүйх нь саатсанаар бэлгийн дур хүсэл, чалх буурах нь аргагүй гэж Алексей Водовозов эмч өгүүлжээ. Үүнээс гадна чалх сулрах нь хүний зүрх судасны системд асуудал үүсэж эхэлснийг ч илтгэдэг болохыг анхааруулжээ.
Коронавирусийн цар тахал эхлээд жил гаруйн хугацаа өнгөрсөн хэдий ч өвчин одоо болтол бүрэн судлагдаагүй, үр дагавар нь одоо ч тодорхойгүй хэвээр байгааг шинжээч тэмдэглэв.
Эх сурвалж: www.kp.ru
Орчуулсан Э.Март