Ковид-19 цар тахалын хүнд үед төрийн дунд шатны байгууллага хариуцлага алдаж, нярай эхийг нүцгэн авч явсан үйлдэл нь нийгэмд дуулиан тарьж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Тиймээс ч энэхүү үйлдэлд Засгийн газар хариуцлага хүлээн бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон юм. Засгийн газрын огцрох хүсэлтийг УИХ-аар хэлэлцэх явцад Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нарын дунд зөрчилд үүссэн нь ил болсон юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох мэдэгдэл хийхдээ “Монгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой Ерөнхийлөгч улстөрийн зорилгоор ард түмнийг тайлбайд цуглуулж, жагсаал цуглаан хийж, Үндэсний аюулгүй байдалд харшилсан үйлдэл хийж байна” гэсэн юм. Энэ үеэс хамтран ажиллаж байсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр яагаад зөрчилдөх болсон бэ гэдэг асуулт гарч эхэлсэн юм. Харин У.Хүрэлсүх өчигдөр ТВ-9 телевизд ярилцлага өгөхдөө энэ талаараа ам нээлээ.
У.Хүрэлсүх: Тухайн үед надад хоёр сонголт байсан юм. Энэ нь улстөртэй холбоотой. Дөнгөж төрсөн нярай эхийг хүүхэдтэй нь хамт цар тахалын үед нүцгэн шалдан авч гарсан асуудал болж, Монголын ард түмнийг бухимдуулсан. Үүнд дургүйцэж Монголын ард түмэн Сүхбаатарын талбай дээр эсэргүүцэл илэрхийлсэн. УОК-ыг огцруул гэж шаардсан. Энэ бол хүмүүсийн сэтгэл зүйд маш сөргөөр нөлөөлсөн зүйл мөн. Үүн дээр давхар улстөр хийсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, манай сөрөг хүчин улстөрд давхар орсон. Ард иргэдийн төр засагт тавьж байсан шаардлагыг улстөрийн зорилгоор мушгиж гуйвуулаад цааш нь УОК-ыг огцруулах, дээр нь Засгийн газрыг огцруулах, УИХ-ын тараах, цаашилбал Монгол Улсад нэг хүний дарангуйлалыг тогтоох гэсэн төлөвлөлтүүд тухайн үед явж байсан.
Би Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд мэдэж байсан. Хууль хүчний байгууллагууд Ерөнхий сайдыг бүх талын мэдээллээр хангадаг. Энэ юунаас болж дэвэрсэн бэ гэхээр 2021 оны 1 сарын 15-ны өдөр Шүүхийн тухай хууль баталсан. Бид 12 жил хонгилын шүүх ярьлаа. Нэг нөхөр гарч ирээд л хонгилын шүүхийн түлхүүрийг аваад л явдаг. Баахан хүмүүсийг хэл аманд хийдэг, хэлмэгдүүлдэг. Ял тулгадаг. Дараагийнх нь нөхөр түлхүүрийг нь авангуутаа нөгөөхөөсөө өшөө хорслоо авдаг. Нөгөө нөхрийг шоронд хийдэг. Тэр нөхрийнхөө баг бүрэлдэхүүнийг шоронд хийдэг. Ийм хонгилын түлхүүр барьсан Ерөнхийлөгч нар тодорхой хугацаанд явлаа. Үүнийг таслан зогсооё, Шүүхийг хараат бус болгоё, тэгэхгүй бол шударга ёс тогтохгүй юм байна гэдгийг олж харсан.
Бүтэн хоёр жилийн хугацаанд Шүүхийн тухай хуулийг зүтгүүлж байгаад 1 сарын 15-нд баталсан. Энэ хуулиас эхлээд улстөрийн үйл ажиллагаа эхэлсэн. Ерөнхийлөгчийн эрх мэдэлд байдаг шүүгчийг томилдог эрх мэдлийг Шүүхийн байгууллагад нь өгөөд хязгаарлачихсан явдал энэ улстөр, нэн ялангуяа У.Хүрэлсүхийг унагаах ёстой юм байна. Энэ засгийн газрыг унагаах ёстой юм байна гэсэн улстөрийн үйл ажиллагаа эхэлсэн” гэж тайлбарлалаа.
Б.Ирээдүй