Эмэгтэй хүн үхрээс чухал биш гэж үү? Энэхүү хачирхалтай асуудлын хүрээнд явуулж буй гэрэл зургийн төсөл олон нийтийн сүлжээнд жинхэнэ тэсрэлт болж байна. Энэтхэг эмэгтэйчүүдийг үхрийн багтайгаар зургийг нь авч буй 23 настай гэрэл зурагчныг дэмжих хүмүүс байхад эсэргүүцэгчид ч цөөнгүй байгаа аж.
Делид амьдардаг, төслийг санаачлан гэрэл зурагчин Сужатро Гош “Манай улсад үхрийг эмэгтэйчүүдээс илүү чухалчилдаг нь миний санааг ихэд зовоодог. Яагаад гэвэл хүчирхийлэл, халдлагад өртсөн эмэгтэйчүүд үхрээс ч илүү удаан шүүхийн шийдвэрийг хүлээдэг. Гэтэл индусууд үхрийг ариун амьтан гэж дээдэлдэг” хэмээжээ.
Үнэхээр ч Энэтхэг улс эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргээрээ олон улсын мэдээнд байнга дурдагддаг билээ. Тус улсад 15 минут тутамд хүчингийн хэрэг үйлдэгддэг байна. “Иймэрхүү хэргүүд сунжирч, шүүхэд шийдэгдэхгүй олон жил жил явж байхад үхэр алсан хүнийг тэр дор нь шийдэх жишээтэй. Хэт даврагч индус бүлэглэлүүд тэр ч бүү хэл амьтныг нь хөнөөсөн сэжигтнийг шууд л хөнөөх буюу зодох жишээтэй” гэжээ.
Сужатрогийн хэрэгжүүлж буй гэрэл зургийн төсөл нь үхрийг хамгаалагч бүлэглэлүүд өсөн нэмэгдэж байгааг эсэргүүцэж байгаа арга хэмжээ гэнэ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хэт даврагч бүлэглэлүүд үхрийн өмнөөс 10 орчим хүнийг хөнөөсөн байна.
Э.ЗАЯА