АН-ын дарга М.Тулгат, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
АН-ын дарга М.Тулгат:
-Нэг жилийн хугацаанд хөл хорио тогтоож, цар тахалд бэлдэж байсан нь туйлын хангалтгүй болох нь тодорхой болж байна.
2020 онд цар тахалтай тэмцэхэд зарцуулсан 5.1 их наяд, олон улсын хандивлагчдын өгсөн 659 сая ам.долларын зарцуулалт өнөөдрийг хүртэл тодорхойгүй, шилэн биш байна. Энэ төсөв мөнгөний зарцуулалт үр ашиггүй байсан, УИХ-ын болон орон нутгийн сонгуульд зарцуулсан байх магадлалтай. Эдийн засаг маш хүнд байдалтай байна. Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наядын цогц хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. Энэ бол УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж, төсөв болон мөнгөний бодлогыг зөрчиж, Засгийн газраас Монголбанкны хараат бус байдалд нөлөөлсөн үйлдэл болсныг шүүмжилж байна. 10 их наядаар социализмыг байгуулах, төр данхайх, хувийн хэвшлийн оролцоог хязгаарлах, зөвхөн эрх баригчдад ойр төрлийн бизнесийг дэмжих, сонгогчдын санал худалдаж авах чиглэлээр хэрэгжиж байна.
Өнгөрсөн онд улсын төсөвт тодотгол хийлгүй, үр ашиггүй үрэлгэн цаг үеийн нөхцөлд тохироогүй төсөв мөнгөний асар их зарцуулалт хийсэн. Төсвийн алдагдал ДНБ-ий 12.3 хувьд хүрч, бизнес эрхлэгчид сүйрлийн байдалд орлоо. Энэ оны эхний таван сард ч энэ байдал үргэлжилж байна. Мөн адил Ерөнхийлөгчийн сонгууль угтсан төсөв мөнгөний зарцуулалтад болгоомжилж байна.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөлбаяр:
-Засгийн газрын гишүүд өнөөдөр гэмт хэргийн талаар ам булаалдан ярьдаг буруу зарчим тогтлоо. Жишээ нь, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж хэрэг ярьдаг боллоо. Энэ хүн УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд байхдаа хэрэг ярьдаг байсан. Одоо ч ЗГХЭГ-ын даргаар ажиллахдаа хэрэг ярьж байна. Прокурор, цагдаагийн байгууллага бодит мэдээлэл ярих ёстой болохоос биш улстөрч хэрэг ярьдаггүй юм. Тиймээс Ардчилсан нам бүх зүйл хуулийн дагуу гэсэн зарчмын байр суурьтай байгааг илэрхийлье.
““