– Цар тахалтай амжилттай тэмцэж байгаа юм биш үү?
Энэ сэдвийг хөндье гэж бодож байлаа. Гэтэл өнөө өглөө ЭМЯ-наас хэрэгтэй мэдээллээ олж авлаа. Түүндээ анализ хийгээд нийтлэл болгочихлоо.
Яг өнөөдрийн байдлаар Монгол Улс вакцинжуулалтаараа дэлхийд 12-т эрэмбэлэгдэж яваа гэх гэгээтэй мэдээг уншигчиддаа хүргэе. Энэ бол вакцинжуулах зорилтот бүлгийн 5 хүн тутмын 4 нь, том масштаб дээр хүн амын тал нь вакцин хийлгэчихлээ гэсэн үг юм. Хоногтоо 1000 хол даваад байсан өвчлөл ч 2 дахин буусан мэдээ өнөөдөр гарлаа. Иргэн хүний хувьд баярлаж байна.
Хүлээж байгаад “Спутник”-ээ хийлгэчихсэн. Иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаж байгааг харлаа. Нийтээрээ хамрагдаад дуусах дүр зураг ч тодорлоо.
Тогтоолын нэр агуулга маш донжтой. “ЗХУ-ын Олон улсын харилцааны дээд сургуульд суралцуулах оюутны бүрэлдэхүүнийг зохицуулах тухай” МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 170 дугаар тогтоол – 1974.V.17; “Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд оюутан сургах ажлыг журамлах тухай” МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 357 дугаар тогтоол – 1979.VI.25 гэснийг үзэхүл тэр 1970-аад он нь ар өврийн хаалга, танил тал тохой оволзож байсан он жилүүд мэт.
Заалт нь бүр ориг. “Нийгмийн бүрэлдэхүүний харьцаа” гэж хүч оруулан бичсэн байгаа юм. Баян хоосны ялгаа гэж арай бичсэнгүй нь зол. Тэр үедээ зөв л дөө. Одоо ч ач холбогдлоо алдаагүй. Одоо УИХ, Засгийн газар, ҮАБЗ анхааралдаа авчихад огт илүүдэхгүй заалт нэг байна.
Иргэдэд, нийгэмд цар тахал юм юм л бодогдууллаа. Өвчлөл, өвчин, өвчнийг давах гэдэг цоо шинэ ойлголт, мэдрэмж, загварыг бидэнд тулгалаа.
Хэдхэн сарын өмнө дөө, дэлхийн хүн амын ердөө 20 хувийг вакцинжуулах ДЭМБ-ын Ковакс хөтөлбөр гарч байлаа. Вакцинжуулах гарц хувилбар, арга учраа ч хаа хаанаа олохгүй л байсан цаг саяхан даа. Вакцин үйлдвэрлэл, нийлүүлэлт зэрэг олон шалтгааны улмаас Ковакс хөтөлбөрт хамрагдсан буурай хөгжилтэй орнуудад 500 хүн тутмын нэг нь вакцин хийлгэсэн дүнтэй байна.
Хэрэв монголчууд, төр-засаг маань зөвхөн Ковакс хөтөлбөрт найдсан бол ёстой паг суух байжээ. Сайн таньдаг мэргэжлийн хүний яриаг би буулгая. Цар тахлын хаврын давалгаа тулдаг, одоо хэрэгжүүлж буй бүх нийтийн энэ вакцинжуулалтыг эхлүүлээгүй бол, эсвэл алгуурласан бол Ковид-19 туссан 44 мянган хүн, 162 эрсдэлийн тоо даруй 10-20 дахин нэмэгдсэн, намрын давалгааны үед Энэтхэгт тохиож байгаа шиг гамшгийг бид туулах нь гарцаагүй байжээ. Тэгсэн бол яана? Энэ тухай бид төсөөлж бодсон уу?
2021 оны нэгдүгээр сарын 27-нд шинэ Засгийн газар байгуулагдаж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” хөтөлбөр дэвшүүлснийг бид сайн санаж байна. Их ч хүлээлт үүсгээд шинэ Засгийн газар бүрдсэн. Харин цагийг зөв олж тэрхүү хөтөлбөр дэвшүүлснээрээ цар тахалтай тэмцэх манай улсын алсын хараа, стратегийг зөв томъёолсон хэрэг байв. Эн тэргүүнд эрүүл мэндээ хамгаалж чадсан нөхцөлд л эдийн засгаа сэргээх, дараагийн ажлууд тодрох төсөөлөл бууж байв. Түүнийг төр-засаг эрхбиш зөв тооцсон бололтой.
Ковакс хөтөлбөрөөс гадна вакцин худалдан авах бүх арга замыг эрэлхийлж, хэрэгжүүлж чадсан Засгийн газартаа монголчууд эрхбиш баярлаж бахдах учиртай. Одоо хийгдэж буй вакцины 80 хувийг Л.Оюун-Эрдэнийн өнгөн дээр Засгийн газар худалдаж авсан бол 3-4 хувь нь Ковакс хөтөлбөрөөс хангагдан буй ажээ.
Дэлхийн олон улс орнууд хятад, орос вакцинд эргэлзэж, татгалзах хандлагатай байсныг нуух юун. Энэ нь анагаах ухаан гэхээсээ геополитикийн учир шалтгаантай, дэлхийд өрнөж буй “шинэ хүйтэн дайн”-ы тусгал байсан хэрэг. Гүйлгэн ухаантай монголчууд энэ зэргийн “тоглолт”-ыг мэдэрнэ, тиймдээ ч сэжиг таамаг гэлгүйгээр вакцинд хамрагдан байна. Юу нь буруу юм бэ? Вакцин дээр улс төржих хэрэггүй.
Манай төр-засгаас нарийвчилсан судалгаа хийж, нухацтай авч үзсэний үндсэн дээр хоёр хөршийнхөө вакциныг худалдан авч, иргэдээ вакцинжуулъя гэлээ. Уухайн тас шүүрээд авдаг хэрэг шүү дээ. Энэ бол нийт вакцины 80 хувь ороод ирнээ гэсэн үг. Ингэж зориглоогүй бол, “шинэ хүйтэн дайн”-ы өнцгөөс хандсансан бол яаж балрах байсан бол гэхээс айдас төрнө. Эргэлтгүй зөв алхам хийснийг ч ДЭМБ-аас хятадын вероцелл вакциныг бүртгэсэн саяхны шийдвэр нотоллоо. Манай төр-засгийн алсын хараа зөв байжээ.
Аль ч цаг үед улс орон бүрт байгалийн, эдийн засгийн зэрэг олон хүнд сорилтууд тулгардаг жамтай. Ийм сорилтын үед буудах байгаа зөв онилж, бэрхшээлийг боломж болгож чадсанаар л улс орнуудын хөгжлийн ялгарал харагддаг дэлхий нийтийн түүхэн жишиг бий. Бэрхшээл болгоныг боломж гэж үз ээ хэмээн миний бичдэг сэдэв энэ л дээ.
Бүх нийтийн вакцинжуулалт хийгдсэнээр бид юу хожих вэ? Олон хожил ирж байна. Наад захын мэдлэгт тань нэмэрлэхэд, дэлхийд эргээд гарцтай болоод авна, бид. Олон улсын зах зээлд гарна. Энэ вакцинжуулалт маань манай улсын өрсөлдөх чадварын үндсэн хүчин зүйл болчихоод байна. Иргэд маань гадаадад нүүр бардам зорчих болно. Гол нь Монгол Улсын нэр хүнд дээшилнэ. Хөрш түншүүд маань монголчуудыг өвчтэй гэж сэжиглэлгүй нээлттэй хандана. Итгэл даана.
Хэрэв эдийн засаг дээр авч яривал уул уурхайн олборлолт, экспортын супер цикл, эдийн засгийн огцом сэргэлтийн тухай төсөөлөл маш бодитой болж ирнэ. Үр өгөөж нь аж ахуйн нэгжүүд, нийт өрх, иргэн бүрт хүртээмжтэйгээр очих болно.
Цар тахал бидэнд бэрхшээл зовлон авчирсан гэж үздэг бол нөгөө талд нь боломж, чадавхи, шинэ арга барилыг хамт авчирлаа.
Цар тахалтай тэмцэх явцад манай эмч эмнэлэг, онцгой байдлынхан, хүчний байгууллага, мэргэжлийн хяналт, бүртгэлийн систем, хэвлэл мэдээлэл, тэдгээрийн ажилтнууд гээд бүгд л чадвараа өсгөж, уялдаагаа сайжруулж, төрийн бүх үйлчилгээг цахимжуулсан И-Монголиа хөтөлбөрөө бодитойгоор хэрэгжүүллээ. Монголчуудын ажиллах хурд эрхбиш нэмэгдсэн байх.
Эдийн засаг 4.3 хувь агшиж, төсвийн алдагдал 4.5 их наяд буюу түүхэн доод хэмжээндээ очсон үед “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” Засгийн газрын энэ хөтөлбөр батлагдсан. Эдийн засгийн цусны эргэлтийг түргэсгэхийн тулд 10 их наядын төлөвлөгөө баталж, аж ахуйн нэгж, иргэдэд 3 хувийн зээл олгохоор болсон. Энэ маань цаад утгаараа нийгмийн дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоо буй болох анхны алхам болж таарна. Одоо шүүрч аваад ажиллаад байдаг хэрэг. Энэ боломж, энэ их мөнгийг идэж уугаад түргэн барчихгүй байгаасай хэмээн дор бүрнээ хичээвэл хонгилын үзүүр дэх гэрэл ойрхон байна даа.
Цар тахлын эсрэг тэмцэх Засгийн газрын стратеги, алсын хараа асар том эрсдлийг дагуулсан нь ойлгомжтой. Тооцоо судалгаа, хэрэгжүүлэх эр зориг мэдээж чухал. Тиймдээ ч эрсдлийг дээрээ ухамсартайгаар ойлгож, судалгаатайгаар хөдөлсөн гэж үзэж байна.
Манай улс төрчид эрсдэл үүрэх дургүй, шийдвэр гаргахаас зайлсхийж бөөрөнхийлдөг, хаяагаа манадаг жишиг тогтоод удаж байгаа ч энэ удаа тэгж жүжиглэх цаг зав гаралгүй биднийг буланд шахсан, Засгийн газар ч цагаа олж хөдөлсөн, үр дүн муу биш.
Харьцуулъя. Цар тахлын аюулын өмнө улс орныхоо хувь заяаг шийдэх энэ зэргийн эрсдлийг нуруундаа үүрч чадлаа, бид. Нэг зуу хоногийн дотор вакцинжуулалтаараа дэлхийн 200 гаруй улс орноос 12-т эрэмбэлэгдэж чадлаа.
Одоо эдийн засгаа сэргээх бодит боломжоо гаргаад авлаа, түүнийгээ хэрэгжүүлэхээр гар санаа нэгтэй урагшлая.
Санаснаас аюулыг амжилттай давж буй залуу Ерөнхий сайддаа дэм дэмжлэг урам хайрлая. Түүнийг дааж ажиллаж чадвал орчин үеийн Монголд тэрээр нэрээ дуурсгаж л таарна даа.