“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний 100 гаруй ажиглагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах, тоолох, дүнг гаргах болон техникийн тооллого хийх үйл явцыг ажиглажээ. Энэ талаар “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэгээс зарим асуултад хариулт авлаа.

-Ажиглалтыг хичнээн хэсгийн хороон дээр хийсэн бэ?

-Улаанбаатар хотын нийт хэсгийн хороодын 12 хувь буюу зургаан дүүргийн нийт 50 хэсгийн хороог хамруулан ажиглалт хийсэн. Сонгуулийн санал хураалт дуусахад ажиглалтад хамрагдсан 50 хэсгийн хорооноос 23-д нь техникийн тооллого явагдсан. Энэ үйл явцыг мөн дуустал ажигласан.

-Хэдийгээр ажиглалтын явцад ноцтой зөрчил гараагүй гэж байгаа боловч зохион байгуулалт болоод үйл явцад бага зэрэг хүндрэл бэрхшээл учирсан талаар зарим ажиглагч хэлж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хэсгийн хороодын зохион байгуулалт сайн байсан хэдий ч зарим газар нь дутагдалтай зүйл ажиглагдсан. Тухайлбал, санал авах бүхээгний зай хэтэрхий ойр, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хэн нэгний тусламжгүйгээр санал авах байр руу орох боломжгүй, саналаа уншуулах төхөөрөмж рүү хяналтын камерын дуранг чиглүүлсэн, саналаа тэмдэглэхгүйгээр саналын хуудсаа уншуулах гэсэн сонгогчид хэсгийн хорооны ажилтан хэн нэгнийг заавал сонгох ёстой гэсэн хууль бус шаардлага тавих зэрэг дутагдал ажиглагдсан.

Мөн сонгогчдын хувьд хэсгийн хороогоо мэдэхгүй андуурах, саналаа буруу тэмдэглэх, саналын хуудсаа хавтастай нь уншуулах зэрэг байдал нь гарсан. Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 89.1-д зааснаар санал авах ажиллагааг нээх үйл явцад хэсгийн хорооны гишүүд болон ажиглагчдын оролцуулахаас гадна сонгогчийн төлөөллийг байлгах ёстой. Гэтэл ажиглалтад хамрагдсан хэсгийн 44 хувьд нь сонгогчийн саналыг байлцуулаагүй.

аналаа уншуулах төхөөрөмж рүү хяналтын камерын дуранг чиглүүлсэн байсан гэж байна. Аль хэсгийн хороо вэ?

-Сонгинохайрхан дүүргийн 1779 хэсэг дээр санал тоолох машин руу камер чиглүүлсэн байсан. Гэхдээ энэ зөрчлийг дор нь арилгасан байгаа.

-Санал тоолох төхөөрөмжийн тэг тайланг гаргаж өгөхөөс цааргалсан, өгөөгүй тохиолдлууд гарсан уу?

-Санал хураах ажиллагааны нээлттэй холбоотой ажиглагчдад хуулиар олгогдсон  эрхийнхээ хүрээнд авах ёстой мэдээллийг өгөөгүй тохиолдлууд гарсан. Жишээ нь, санал тоолох төхөөрөмжийн эхлэлийн тэг тайлан буюу лог тайланг 14 хувьд нь хэвлэж өгөөгүй. Мөн зөвхөн улс төрийн намын ажиглагчдад өгнө, сонгуулийн өмнөх өдөр ирж гарын үсэг зурах шаардлагатай байсан зэрэг шалтгаанаар татгалзсан тохиолдлууд бий.

-Техникийн санал тооллогын үеэр ч мөн ажиглалт хийсэн гэж байсан. Санал тоолох автомат машинтай саналын тоо зөрсөн хэсгийн хороо бий юу?

-Ажиглалт хийсэн 50 хэсгийн хорооны 23 нь техникийн тооллого хийх хэсгийн хороогоор суглагдсан. Техникийн тооллого нь дунджаар 3-8 цаг үргэлжилсэн. Гараар тоолсон дүн нь автомат машиныхаа дүнтэй зөрсөн тохиолдол гараагүй.

-Нэг хэсгийн хороон дээр саналын зөрүү гарсан гэх мэдээлэл байсан?

-Нэг хэсгийн хороон дээр саналын хуудас болон санал авах машины санал зөрөх тохиолдол гарсан. Гэхдээ энэ нь нэр дэвшигчийн өмнөх дугуйг тойруулан тэмдэглэсэн байдал, мөн хэсгийн хороодын ажилчид олон цаг ажилласны улмаас алдаж тоолох зэргээс шалтгаалсан нь тогтоогдсон.

-Ажиглалтад хамрагдсан хэсгийн хороодод хүчингүй болсон хичнээн хуудас байгаа вэ?

-Сонгогч саналын хуудсанд саналаа хэрхэн тэмдэглэх мэдээлэл дутмаг байгаагаас 2000 гаруй саналын хуудас хүчингүй болсон. Эдгээрийн 51 хувьд нь саналын хуудсыг төхөөрөмжид уншуулахад хүндрэлтэй байсан. Ажиглалтын үеэр хэсгийн хороодод ажиллаж байгаа хүмүүс хуулиа мэдэхгүй байх тохиолдол гарсан. Хоосон саналын хуудас уншуулж байгаа иргэдийн зандрах, “заавал аль нэгийг нь дугуйлж байж уншуул” зэргээр шаардлага тавих тохиолдлууд байсан.

Мөн хэсгийн хорооны ажилчид ч мөн мэдлэг дутмаг байгаагаас үүдэлтэй асуудлууд гарсан. Тухайлбал, нэр дэвшигчийн өмнөх дугуйг дугуйлна шүү гэх зааврыг сонгогчид өгөх жишээтэй. Сонгогч өмнөх дугуйг нь дугуйлчихна. Ингэхээр санал тоолох төхөөрөмж өнөөх хуудсыг уншихгүй байх, санал хүчингүй болох байдал ажиглагдсан. Мөн гурван нэр дэвшигчийн өмнөх гурван дугуйг бүгдийг нь дугуйлсан тохиолдол гарсан. Ингэснээр саналын хуудас хүчингүй болсон зүйл бий.

-Гэхдээ сонгогчийн боловсрол гэхээсээ илүүтэй санаатайгаар гурвууланг нь дугуйлж, эсэргүүцлээ илэрхийлсэн байх боломжтой биш гэж үү?

-Сонгуулийн хуулиар сонгогч хэнийг ч дэмжихгүй санал өгмөөргүй байвал хоосон саналын хуудас уншуулах боломжтой. Үүнийг мэдээгүйгээс гурван нэр дэвшигчийг бүгдийг нь дугуйлах байдал ажиглагдсан. Мэдээж энэ үйлдэл нь санаатай байхыг үгүйсгэх аргагүй.

-Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой зөрчлүүд нэлээд гарсан. Нэг хаяг дээр таньж мэдэхгүй олон хүн бүртгэгдсэн байх зөрчил гарч байгаа тухай улс төрийн намуудын мэдэгдэл бий. Ажиглалтад хамрагдсан хэсгийн хороод дээр ийм зөрчил гарсан уу?

-Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гарсан зөрчлийн хувьд оршин суух харьяалал мөн боловч сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдээгүй 18 тохиолдол, хаяг дээр байхгүй хүнийг нэрийн жагсаалтад бүртгэсэн 58 тохиолдол бүртгэгдсэн байсан. Бид тухайн иргэдээс зөвшөөрөл авч үргэлжлүүлэн судлах болно.

-Сонгогчийн хуруун дээрх бэхэн тэмдэглэгээг хийлгэхгүй уцаарлах, зугтах цөөнгүй тохиолдол гарсан талаар хэлж байсан?

-Сонгогчийн хувьд бэхэн тэмдэглэгээг эсэргүүцсэн 45, өндөр настны өмнөөс хамт яваа хүн бөглөсөн 28 тохиолдол (итгэмжлэлийг шалгаагүй), саналын хуудасны зураг авах, сонгогчид хоорондоо ярилцах гэсэн зөрчлүүд ажиглагдсан. Энэ нь мөн л сонгогчийн боловсролтой холбоотой. Өөрөөр хэлбэл, тухайн сонгогчид мэдээллийг бүрэн гүйцэд өгөөгүйгээс үүдэлтэй юм. Яагаад хуруун дээрх тэмдэглээг хийх ёстой. Энэ нь эргээд ямар үр дагавартай талаар тайлбарлаж, таниулах учиртай.

Тодруулбал, таны гар дээр тавьж байгаа энэ тэмдэглэгээ бол дахин санал өгөхөөс сэргийлсэн л арга хэмжээ. Гэхдээ таныг заавал дахин санал өгнө гэж хэлж байгаа юм биш. Харин сонгуулийг шударга явуулахад таны оруулж байгаа хувь нэмэр гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Гэтэл энэ талаар мэдээлэл өгөөгүйгээс бол иргэд уцаарлаж, дургүйцэх. Тэр ч бүү хэл, 50 гаруй насны эмэгтэй тэмдэглэгээ хийлгэхээс татгалзаж, зугтаасан тохиолдол ч гарсан. Тухайн хэсгийн хороонд ажиллаж байсан цагдаа араас нь хөөж, барьж авч байж тэмдэглэгээг хийж байх жишээтэй.

-Саналын хуудасны индексийг бүртгэлжүүлэхээс татгалзсан хэд хэдэн хэсгийн хороо бүртгэгдсэн байна лээ?

-Ажиглагчдын хувьд саналын хуудасны индексийг тэмдэглэж авах нь хамгийн чухал. Тэмдэглэж авснаар тухайн хэсгийн хороон дээр хэдээс хэдэн тоот саналын хуудас гарсныг мэдэх боломжтой болно. Улмаар санал луйвардлаа гэх хардлага үгүйсгэгдэх юм. Гэтэл бидний ажилласан сонгуулийн хэсгийн хороод дээр индексийн дугаарыг тэмдэглүүлээгүй тохиолдлууд гарсан.

-Санал авах үеэр саналын хуудасны хавтасны талаарх мэдээлэл багагүй асуудал үүсгэсэн. Санал авах төхөөрөмжийн гацаасан, дээд хэсгийг нугалсан нь тухайн сонгогчийн саналыг хянах боломжийг бий болгосон гэдэг ч юм уу. Ажиглалтын явцад болсон энэ зүйлийг та хэрхэн тайлбарлах вэ?

-Ажиглагчдаас ирүүлсэн мэдээллээс үзвэл санал тоолох машин гацах, эвдрэх тохиолдол харьцангуй бага байсан. Гэхдээ зарим хэсгийн хороод дээр иргэд төхөөрөмжинд саналын хуудас уншуулахдаа хавтастай нь хийсний улмаас төхөөрөмжийг гацаах, гэмтээх  тохиолдол бүртэгдсэн. Үүний улмаас төхөөрөмжийн эвдрэл, гэмтлийг засахад дээд тал нь 60 минут хүртэл хугацаа зарцуулах, нэг төхөөрөмжтэй нэг хэсгийн хороо санал авах ажиллагаа завсарлахад хүрсэн тохиолдол ч бий. Төхөөрөмжийн эвдрэл гэмтэл бүрт тэмдэглэл хөтлөх шаардлагатай боловч нийт хэсгийн хороодын 50 хувьд энэ тэмдэглэлийг хөтлөөгүй зөрчил мөн гарсан.

-Санал тоолох үед цаасан дууссан, нөөц байгаагүй гэж та өмнө нь хэлсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Санал тоолох үйл явц хуулийн дагуу 22.00 цагт эхэлсэн байна. Хэсгийн хороодод санал тоолох ажиллагаа завсарлалгүй шууд явагдсан ч зарим хороодод санал тоолж хэвлэх үед цаас нь дууссан, зааварчилгаа хүлээсэн, техникийн тооллого явагдах эсэхийг хүлээсэн зэрэг шалтгаанууд гарсан. Нийт хэсгийн хороодын 95 хувь нь саналын хуудасны дүнг ажиглагчдад хэвлэж өгсөн. Мөн 98 хувь нь саналын хуудасны зурган файлыг ажиглагчдад CD дээр хуулж өгсөн байгаа. Техникийн мэдлэг болон бэлтгэл хангалтгүй, зурган файлыг хуулж авах хүсэлтээ бичгээр гаргах, заавал DVD авчрахыг шаардсанаас зарим хэсгийн хороо ажиглагчид мэдээллийг авч чадаагүй тохиолдлууд бий.

-Улс төрийн намын санхүүжилт сонгуулийн бүрийн дараа хариултгүй үлддэг. Уг нь сонгуулийн сурталчилгаан зарцуулсан мөнгө ил байх ёстой ч сонгуулийн дүн гарснаас хойш хийгддэг зүйл сураг алдардагтай холбоотой болов уу?

-Улс төрийн намууд журмандаа заасны дагуу дагуу санхүүжилтээ ил болгох учиртай. Учир нь сонгуульд оролцож байгаа бүх улс төрийн намууд журамдаа санхүүжилтээ ил тод болгоно гэсэн заалттай юм билээ. Тэгэхээр энэ журмаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн Улс төрийн намын тухай хуульд улс төрийн намууд жилд нэг удаа аудитаар хянуулсан тайлангаа олон нийтэд ил гаргах заалттай. Энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэх шаардлагыг хүргүүлсэн. Харамсалтай нь, улс төрийн намууд ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Өөрөөр хэлбэл, сонгуулийн санхүүжилт тодорхойгүй, харанхуй нөхцөлд сонгуулийн сурталчилгаа болж өнгөрлөө. Нэр дэвшигчдийн хувьд Хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болгох шаардлагыг хүргүүлсэн. Хэдийгээр шаардлагад тусгагдсан 14 хоногтоо ил болгоогүй ч 17 дахь хоногт нэр дэвшигчдийн Хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болгосон.

-Дэлхийн бусад орон сонгуулийн сурталчилгааны зардлыг санал хураалт эхлэхээс өмнө нийтэд мэдээллэдэг юм билээ. Харин манайд ийм заалт хуульд байдаггүй?

-Тийм шүү. Хуульд сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийг санал авахаас өмнө ил болгох заалт тусгагдаагүй. Бусад орнуудад тодорхой давтамжтайгаар ил болгох эрх зүйн зохицуулалттай. Тэр дундаа сонгуулийн санал хураах өдрөөс өмнө зардлын дүнг олон нийтэд зарлах хуультай байдаг. Харин Монголд энэ төрлийн зохицуулалт байхгүй. Сонгууль дуусч сар гаруйн хугацаа өнгөрсний дараа тайлангуудаа гаргаж байх жишээтэй.

Гэхдээ судалгааны баг тайланг тухайн хугацаанд нь хянана. УИХ-ын 2016 оны сонгуулиар зардлын тайланг яаж гаргах уу, хуулиа хэрхэн мөрдөх үү гэсэн тодорхой журам байгаагүй. Үүнээс үүдэлтэй багагүй хүндрэл гарсан. Хуулийн заалт ойлгомжгүй байх тохиолдол байдаг шүү дээ. Иймээс өмнөх сонгуулиас сургамж авч, журмаа гаргах зөвлөмжийг аудитын газар хүргүүлсэн.

-УИХ-ын 2016 оны сонгуулийн санхүүжилтийн ил тод байдалд мониторинг хийсэн шүү дээ. Энэ тухай иргэний нийгмийн байгууллагуудын тайланд дурьдагдсан мэдээлэлд санхүүжилтийг ил тод болгох асуудал цаг хугацааны хувьд хожуу байна гэж тэмдэглэгдсэн байсан шүү дээ?

-Хуульд сонгуулиас хойш дөрвөн сар орчмын дараа нам, эвсэл, нэр дэвшигчдийн санхүүжилтийн мэдээллийг ил болгохоор зохицуулсан. Гэхдээ энэ нь цаг хугацааны хувьд хэтэрхий хожуу байгаа юм. Мөн төрийн аудитын байгууллагаас олон нийтэд ил болгож байгаа мэдээлэл нь хяналтын зорилгоор ашиглахад хангалтгүй, ач холбогдол багатай тойм төдий тоо, баримт агуулсан гэж тэмдэглэгдсэн байгаа.

2016 оны УИХ-ын сонгуулийн хувьд сонгуулийн зардлын дансанд орж ирсэн орлогыг холбогдох талууд хэрхэн бүртгэж тайлагнах, зарцуулалтыг хуульд заасны дагуу зарлагын ангилал, гүйлгээ тус бүрээр чухам яаж тайлагнах талаар тодорхой журам байгаагүй. Үүнтэй холбоотой нам, эсвэл, нэр дэвшигчид тайлангаа гаргахдаа СЕХ-ноос жишээ болгон гаргасан нарийвчлал багатай, хяналт тавих боломжгүй тойм дүн гаргасан загвараар тайлангаа гаргасан байдаг.

-Аудитын газраас ямар хариу өгсөн бэ?

-Аудитын газар бидний шаардлыг хүлээн авч, нарийвчлалтай, маш тодорхой байдлаар тайланг гаргах хэмжээний маягтыг боловсруулна гэж мэдэгдсэн байгаа. Одоогоор энэ асуудал хүлээлттэй байна.

-Ажиглагт хийхэд учирсан хүндрэл бэрхшээл хэр их байсан бэ?

-Ажиглалтын хувьд хязгаарлагдмал хүрээнд ажиглалт хийсэн. 2016 онд 100 хэсгийн хороонд ажиглалт хийсэн. Улс төрийн намын ажиглагчдыг илүү үзэж, иргэний нийгмийн ажиглагчдыг арай дорд үзэх байдал бий. Хуулийн дагуу төрийн бус байгууллага сонгуулийг ажиглах үйл явцыг Сонгуулийн ерөнхий хороо дэмжиж ажилласан. Гэвч дүүргийн болон хэсгийн хорооны ажилтнууд иргэний нийгмийн ажиглагчдыг бүртгэж, үнэмлэх олгохоос татгалзан хүндрэл учруулж байсан.

Тухайлбал, ажиглалт хийсэн зургаан дүүргээс хоёр нь буюу Хан-Уул, Чингэлтэй дүүрэг цааргалж байгаад эцэст нь оруулсан байх жишээтэй. Уг нь ингэх шаардлага байхгүй. Сонгуулийн санал хураалт ил тод байх зарчимтай. Мөн ажиглагчдад мэдээллэх шаардлагатай зарим мэдээллийг дутуу хэлэх, орхих, санал тоолох төхөөрөмжийн гэрчилгээ, серийн дугаарыг тэмдэглэх боломж өгөхгүй байх, саналын хуудасны зурган файлыг хуулбарлан авах боломжоор хангаагүй тохиолдлууд хэд хэд гарсан. Энэ нь иргэний нийгмийн ажиглагчдын хувьд сонгогчдын нийтлэг эрх ашгийг төлөөлөн сонгуулийн үйл явцад бүрэн гүйцэд ажиглалт хийхэд хүндрэл учруулж байсан.

Эх сурвалж: 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн