Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Засгийн газрын 100 хоногийн ажлаа тайлагнахдаа вакцин татан авалтад УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон түүний нөхөр Г.Өлзийбүрэн саад учруулахыг оролдсон гэж мэдэгдсэн.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэ асуудалд нэлээд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний гэр бүлийн хүн Г.Өлзийнбүрэн нар байсан. Хэвлэл мэдээллийн зарим сэтгүүлчтэй холбогдож энэ асуудлыг ярьсан. Мөн гаалийн байцаагч нар руу утасдаж, дарамталсан асуудал гарсан. Төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа хүн эрх мэдлээ урвуулан ашиглаж болохгүй. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад өгч, шалгуулна.
УИХ-ын дэд дарга хүн гаалийн байцаагч руу утасдаад гаалиар ийм бараа орж ирсэн үү, үгүй юү гэдэг, эсвэл нөхөр нь шүүх хууль хяналтын байгууллагатай холбогдон Засгийн газрын явуулж байгаа үйл ажиллагааг гуйвуулах байдлаар зөвлөгөө өгч, санхүүжүүлэх нь ёс зүйд таарахгүй гэж бодож байна. Энэ хувь хүний эрх чөлөө байж болно. Гэхдээ үүний цаана улс, Засгийн газрын асуудал яригдаж байна. Маш харамсмаар үйлдэл УИХ-ын дэд дарга болон түүний гэр бүлийн хүнээс гарсан. Би маш их харамсч байгаа. Цаашдаа ийм асуудал гарвал хэлээд явна. Энэ нь Л.Оюун-Эрдэнийн асуудал биш. Цар тахал, Монгол Улсын аюулгүй байдлын асуудал. Нэг ширхэг ч вакцин авчирч чадахгүй, үйлдвэрлэж чадахгүй байж битгий вакцин судлаач бол гэж хатуу анхааруулж хэлмээр байна” хэмээн хэлсэн юм.
Түүний энэхүү мэдэгдлийн араас УИХ-ын дэд дарга С.Одонтуяа цахим хуудсаараа дамжуулан Ерөнхий сайдын мэдэгдлийг үгүйсгэсэн юм.
Тэрбээр “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоног ярилцлагын үеэр вакцин саатуулсан гэх буруутнаар намайг нэрлэжээ. Нэг ч Монгол хүн ч өвдөхгүй байх, нэг хором ч алгуурлалгүй ард иргэдээ вакцинжуулахын чухлыг өнгөрсөн оноос авахуулаад цөөнхийн бүлэг тэр дундаа миний бие удаа дараа шаргуу шаардаж ирснийг та бүхэн мэдэх биз ээ. Ерөнхий сайд залуу хүн туршлага дутаж мэдэх хэдий ч Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд түүний амнаас гарч буй нэг үг, нэг өгүүлбэр баримт нотолгоотой байх ёстой.
2021 оны төсөвт вакцины мөнгө суулгаагүйг шүүмжлэн, гадаадад гацсан иргэдээс авахуулаад эмнэлгүүдийн нөхцөл байдалд санаа зовж, ард иргэдээ яаралтай вакцинжуулж, хэвийн амьдралдаа хурдан эргэн орохыг Их хурлын индэр дээрээс байнга ярьж сануулж буйг баримт нотолгоогүй, хов живийн чанартай ийм байдлаар няцааж чадахгүй юм. Вакцинжуулах ажил нь Засгийн газрын ажил бөгөөд түүнд хууль тогтоогчийн зүгээс ямар нэгэн байдлаар оролцох боломж үгүйг хэн бүхэн мэдэх билээ. Түүнчлэн өнөөдрийн байдлаар 170 иргэн амь насаа алдан , 45459 гаруй иргэн коронавируст халдвараар өвдсөнд хэн нэгэн буруутай байх ёстой бол энэ нь Засгийн газар гэдэг нь тодорхой. Ийм учраас миний болоод гэр бүлийн нэр төр, ажил үүрэгт халдсан дээрх мэдээллийг хууль хяналтын байгууллагад зохих ёсоор хандан шалгуулна” гэв.
Ийнхүү Ерөнхий сайд, УИХ-ын дэд дарга нар бие биенээ хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдээд байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэл гүжир, гүтгэлэг байв уу! УИХ-ын дэд дарга С.Одонтуяа улстөрийн ашиг хонжоо хайж, увайгүй загнан, ёс зүйгээ гээж, ард түмнээрээ даажигнав уу гэдэг хууль хяналтын байгууллагын шалгалтын явцад тодорхой болно биз ээ.
Хамгийн гол нь улстөрчдийн дүрэмгүй тоглолт Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах хэмжээний эрсдлийг бий болгож болзошгүй гэдгийг санах хэрэгтэй.
Л.Баяр