Microsoft корпорацийг үүсгэн байгуулагч Билл Гейтс эхнэр Мелинда Гейтсээсээ салах гэж байгаа нь өнгөрсөн долоо хоногт тодорхой болсон билээ. Тэгвэл гэр бүл салах үйл явц 2019 оноос эхэлсэн болохыг The Wall Street Journal сонин салалтын баримтыг судалсан эх сурвалжийн мэдээлэн дээр үндэслэн бичжээ.
Мелинда Гейтс энэ шийдвэрээ албан ёсоор зарлахаас хоёр жилийн өмнө өмгөөлөгчидтэйгөө зөвлөлдөж эхэлсэн аж. Тэрбээр энэ гэр бүл “дахин сэргэхээргүй болсон” гэж үзэж байгаа бөгөөд хуулийн хэд хэдэн фирмд хандаж байсан гэнэ.
Гейтсийн гэр бүл салах болсон шалтгаанаа тодорхой хэлээгүй. Гэхдээ сайн үйлсийн хамтарсан сангийнх нь ажилтан болох нэгэн эх сурвалжийн хэлснээр бол Мелинда Гейтс нөхрөө Жеффри Эпштейнтэй уулздаг байсанд маш ихээр шаналж байсан гэнэ. Түүнтэй холбоотой байсан санхүүч агсан Эпштейн нь бэлгийн мөлжлөгийн зорилгоор насанд хүрээгүй хүүхдүүд худалддаг байсан хэргээр ял авч байсан юм. Хатагтай Гейтс нөхрөө энэ хүнтэй холбогдсонд 8 жилийн өмнө буюу 2013 оноос түгшиж эхэлжээ. Билл Гейтсийн төлөөлөгч нь Эпштейнтэй Гейтс зөвхөн сайн үйлсийн асуудлаар л уулздаг байсан гэж мэдэгдсэн юм. Гэхдээ Гейтс ийм үйлдэл гаргасандаа харамсаж байгаагаа илэрхийлж байсан юм.
Эх сурвалж: iz.ru
Орчуулсан Э.Март