Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр клабхауст залуучуудын асуултад хариулт өгсөн байна. Энэ үеэр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тухай байр сууриа дараах байдлаар илэрхийлсэн байна.
Тэрбээр “…Аргаа барж яваа л үзэгдэл ш дээ. Монголд хууль ямар хэрэгтэй юм гэж ярьдаг. Нэг бол бидний тавьсан өр, энэ хулгайг чинь бидний үр хүүхэд төлчихнө гэдэг. Хүн рүү хараад чамайг дүүжлэнэ гэж ярьдаг. Өөрөө ажиллаж байх тэр цаг хугацаандаа гаргасан алдаа, хийсэн зүйлдээ бантаж, зугтаж яваа хүний л дүр ш дээ.
УИХ-ын гишүүний ажлыг хулгайчийн хийдэг ажил гээд бодчихсон. Ерөнхийлөгчийн албан тушаалыг хулгайчийн хийж болдог ажил гээд бодчихсон. Тийшээ гүйх гэсэн. Ер нь цаашаа явах юм бол Монгол Улсын Ерөнхийлөгчөө ч зараад идчих чадвартай хүн. Мөнгө байх юм бол юугаа ч зарна. Ах дүү, эргэн тойрон, ойрхон байсан бүх хүмүүсээ хулгай руу түлхэж оруулаад өөрөө ард нь үлдчихсэн. Тэгээд бантаад гүйж явдаг. Тэгээд нэг самбар эрээчээд, цаас эрээчээд зогсож байдаг.
Тэр хүний үнэн нүүр царайг хүмүүс харчихсан байгаа. Одоо тэгээд шударга ёс, байгалийн баялгийн тэгш хуваарилалт гэж ярьдаг.
Би ер нь шударга ёсыг тогтооно. Байгалийн баялгийн хуваарилалт гээд л…
Ерөнхийлөгчөөр 8 жил ажиллаад дараа нь ажиллаж байхад ялангуяа шударга ёстой холбоотой асуудал бол “Таны хойморт тэр хулгайч дүрээ хувиргачхаад шударга ёс, хонгил хэлээд сууж байгаа тохиолдолд “Шударга ёс” ерөөсөө тогтдоггүй юм байна.”
Өнөөдөр ямар улсууд нь цоожтой хаалганы цаана байна. Ямар улсууд нь энд гүйж явна гэдгийг хүн бүхэн харж байгаа л даа” хэмээв.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнгөрсөн дөрвөн жилийн турш Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг “Шударга бусын хонгил”-ыг бий болгосон гэж хэлж ирсэн. Тэгвэл Ц.Элбэгдорж энэ сэдвээр залуучууд ийн ам нээжээ.
Н.Батаа