Боловсролын сайд Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас зохион байгуулсан “Төрийн албан хаагчдын хэл, бичгийн боловсролыг дээшлүүлэх арга зам, санаачилга, шийдэл” сэдэвт зөвлөгөөнд цахимаар оролцсон байна.
Тэрбээр энэхүү уулзалтынхаа талаар ” 2015 онд Нэр бүхий гишүүдийн хамт, тэр дундаа УИХ-ын гишүүн асан, оюунлаг хүмүүн М.Батчимэг агсныхаа их хичээл зүтгэлээр батлагдсан “Эх хэлний тухай” хуулийн ажлын хэсэгт ажиллаж, хуулийг батлалцаж байсан минь миний хувьд үнэтэй түүх болж үлджээ. “Монгол хэлийг Монгол соёлын том музей хэмээн бодвоос монгол хэлний үг бүр тэр музейн нэг сонин үзмэр хэмээлтэй” Чой.Лувсанжав багшийн сайхан үгийг хүн бүр санаж явууштай.
Таван настай балчираас 97 настай буурал хүртэл эх хэлнийхээ гайхамшигт соёлыг түгээн дэлгэрүүлж, Монгол бичгээр уншиж, бичихээс хальж уран бүтээл туурвидаг болсонд миний бие ихэд бахархдаг.
Би ч бас цаг гарч, цаас олдвол Үндэсний бичгийнхээ хэвийг сайжруулах санаатай зурж суудаг. Хэдэн хуулийн төслөө эргүүлж тойруулан босоо бичгээрээ цоохорлодог болоод байгаа. Хүмүүн бичиг сонины эрхлэгч Б.Элбэгзаяагаас сайхан бичгийн элементийн шугамтай дэвтэр нилээдийг нэхэж авсан минь их хэрэг болж буй.
Одоогоос хорь гаран жилийн өмнө МОНЦАМЭ агентлагт ажиллаж байхдаа нэрт орчуулагч, сэтгүүлч МУСГЗ Г.Аким нарын хүмүүстэй хамтран анхны “Монголын сайхан бичигтэн” Улсын уралдааныг зохион байгуулах санаачлага гаргаж, Үндэстэн даяараа эх хэлнийхээ яруу тансагийг босоо бичигт мөнхлөх хүсэл эрмэлзлэл хичнээн ихийг харж мэдэрсэн билээ.
1987-1992 онд ОХУ-ын Санктпетербургийн Их сургуульд оюутан нөхдийн хамт Майдар бурхнаа бууны сум болоогүй гэдэгт итгэн хайж, үндэсний үзлээ сэрээе уриатай ХӨХ ТУГ сониноо Монгол бичгээр хэвлэн гаргаж, би Гүнсэн \ эмээгийн минь нэр юм \ гэдэг нууц нэрээр нийтлэл бичдэг байлаа.
Үндэсний бичгийн соёлыг түгээж, цар хүрээг нь улам тэлж яваа Монгол улсдаа цорын ганц МОНГОЛ БИЧИГ-ээрээ хэвлэн гаргадаг ХҮМҮҮН БИЧИГ сонины хамт олонд гүнээ талархан явдагаа хэлье. Эх хэлнийхээ өв соёлыг үеийн үед түүчээлж ирсэн эрдэмтэн мэргэд, билэг авьяастнууд, эх хэлээ өвлүүлж яваа багш, сурган хүмүүжүүлэгчид, эрдмийн дөрөөнд сүү мялаалгаж, хулсан бийрийн гайхамшигт хичээж суралцаж яваа дүү нарынхаа зүтгэл, сэтгэлийг хүндэтгэн “МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН” Улсын уралдааныг сүүлийн 10-аад жил хувийн зүгээс ивээн тэтгэж, өөрийн чадах хэмжээнд дэм тус болохыг хичээж иржээ.
Эх хэлний гайхамшгийг БОСОО БИЧИГ-ээр цэвэр сайхан, алдаа мадаггүй бичих эрдмийг олон зуун шавь нартаа өвлүүлж, төрийн албан хаагчдыг идэвхжүүлж, улсын хэмжээнд манлайлж, тэргүүлж, олон бүтээлч ажлыг санаж, сэдэж яваа Хөвсгөл аймгийн БСУГ-ын мэргэжилтэн О.Оюунтунгалаг тэргүүтэй олон багш нартаа талархал илэрхийлье.
Монгол бичиг бол хүн төрөлхтний оюун сэтгэлгээ, бичиг соёлын хөгжилд монголчуудын оруулсан үнэт хувь нэмэр бөгөөд эх бичгээ сурах, судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, өвлүүлэх нь Монгол хүн бүрийн үүрэг төдийгүй дэлхийн бичиг соёлын өв санг баяжуулахад Монголчууд бидний хүлээж байгаа эрхэм үүрэг юм” хэмээв.
Н.Батаа