АН-ын дотоод хагаралдаанаас үүссэн өлсгөлөн, хатуу хөл хориог сулруулсан энэ өдөр иргэдийг мөнгөөр хөшүүрэгдэн талбайд цуглуулж байгаа тухай мэдээллийг Арслан.мн сайт олон нийтэд хүргээд байна.
Уг нь Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглоод байгаа билээ.
ХЭҮК-ийн гишүүн Б.Нарантуяа жагсаал, цуглаан зохион байгуулагдаж байгаатай холбоотойгоор өөрийн хувийн цахим хуудсаараа дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр “Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаж, цар тахлын нөхцөлд халдвар тархах эрсдэл үүсгэж байгаа УИХ-ын гишүүдийн тэмцлийн арга хэлбэрийг дэмжихгүй. Тавьж байгаа шаардлага, асуудлын зөв, буруу болохыг ч үнэлэж шүүхгүй.
Хуулийн дор амьдрах, хуулийг хүндэтгэх сахих ёсыг биеэр үлгэрлэх учиртай хууль тогтоогчид тэмцлийн ийм арга хэлбэрээр үзэл бодлоо илэрхийлж байгаад, өөрсдийнх нь өгүүлснээр ийнхүү илэрхийлэх шаардлагатай болсонд Монгол Улсын иргэний хувьд харамсаж байна.
Олон нийтийн амар тайван байдал, амь нас, эрүүл мэнд ямагт улс төр, эрх мэдлийн тэмцлээс дээгүүр эрэмблэгдэнэ. Энэ байр сууриа ч өлсгөлөн зарлагч эрхэм хууль тогтоогчдод илэрхийлсэн.
Харин үзэл бодлоо илэрхийлэх үйл ажиллагаа үргэлжилж байгаа тохиолдолд өлсөгчдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулах нөхцөл байдлыг төр үүсгэх ёсгүй. Хүний амь нас, хүн оршихуйн цөмийг хүндэтгэх, хамгаалах нь Монгол Улсын Үндсэн хууль, хүний эрхийн эрх зүйн амин сүнс юм. Энэ зарчмын үндсэн дээр албан үүргээ гүйцэтгэсэн.
“Юу ярьж байгаа чинь надад таалагдахгүй байсан ч ярих эрх чөлөөг чинь хамгаалахын төлөө чадахыгаа хийнэ” гэж манай нэг хуульч дээхнэ үед хэлсэн дээ. Энэ бол хүний эрхийн хуульчийн мэргэжлийн зарчим юм.
Сонгуулийн уур амьсгал орсон, нийгэм, улс төрийн тогтворгүй байдал, коронавируст халдвар тархах бодит эрсдэл үүссэн энэ цаг үед олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сошиал медиагаар илэрхийлж байгаа элдэв мэдээлэлд хашир хандаж, нягтлаж, автахгүй байна уу, та бүхэн минь
Эх орон, тусгаар тогтнол, хөгжлийн суурь нь ХЭРСҮҮ ИРГЭД юм шүү дээ.
Үймээн самуунгүй, амар тайван нийгэмд л хүн эрх чөлөөтэй оршдог.” хэмээн бичжээ.
Н.Батаа