Р.ЭМҮЖИН
За алив юмны шулуухан нь дээр. Нүүрс тээврийн машинууд нь дөрвөн жил ажилтай байж, ардчиллын олон мэдлэг боловсролтой залуусыг арчин Баянхонгорт крандуулж татуулан АН-аас нэр дэвшиж, гишүүн болсныхоо төлбөрийг Адъяасүрэн төлж л байг, таны үр хүүхэд төлөх учиргүй шүү. Хүний амь эрсдэж, хүчирхийлэл гаарч байхад хэлээгүй үгээ хэдэн тээврийн машин нь ажилгүй суух гээд айлгахад л ам ангайн дуугарч байдаг шүү.
УИХ-ын индэр дээрээс угтай, углуургатай ганц өгүүлбэр зөв хэлж чаддаггүй юм байж жүжигт тоглох болохоор харин гайгүй цээжлээд, гараа савчаад дүрдээ орж байна билээ. Монголын ардчилал мөнгөний, өнгөний, халаасны, хавирганы түүчээтэй болохдоо тулаагүй байна. АН-ын тамгыг итгэл хүлээн гардаж авчихаад дүрмээ унтлагын өрөөндөө засч, ордны зүүн жигүүрт очин танилцуулж, Женкод таалагдах гэж гүйж явсныхаа төлбөрийг Туваан төлж л байг, ард түмэн төлөх учиргүй өр шүү дээ.
Элбэгдоржийн хонгилоос нөгөө олон өндөр дүн бүхий санхүүжилттэй сангуудаа аваад мултарч, Баттулгын нөмөрт хоргодсоныхоо төлбөрийг Алтанхуяг төлж л байг, бид эрүүл мэнд, цусаараа төлөх ёсгүй. Оюутолгойн хэлэлцээрийн ширээнд Баттулгын “Шийлэгдамбыг” багтаах гэж өлсгөлөн зарлаад, өөрийнх нь эрх ашгийг хамгаалан АН-аас нэр дэвших гэж алхам болгондоо татуулж чангаалгаж, энэ намын босгыг өшиглөөд ороод ирсэн Ганбаатар өрөө төлж л байг, өөр хүний эрх энэ талбай дээр эрсдэл хүлээх учиргүй. Өртэй хүмүүс өрөө төлдөг жагсаал цуглаанд очих гэж яарав аа.
Нэмж хэлэхэд дундаа ганц л тамгатай АН дүрэмдээ багтаж ирсэн. Дүрэм ёсоор энэ намд ядаж зургаан сарын өмнө элсэж, гишүүн болсон хүн аливаа сонгуульд нэр дэвших эрхтэй. Үүнийг нам дамжиж явдаг Ганбаатар биш гэхэд Ганбат, Алтанхуяг хоёр мэдэхийн сайнаар мэдэж байгаа. Өрөө төлөх гэж байгаа бол өөрсдөө л төл.
Хүний үр садыг, хөгжил мөрөөдсөн залуу үеийг төв талбайд хоолны мөнгө, хоногийн залиар бүү дууд. За тэгээд надад ганц асуулт байна. Энд ямар нэгэн эрсдэл гарч, хэн нэгэн эрүүл мэндээрээ хохирох нь яг өнөөдрийн байдлаар хэнд ашигтай вэ? Улс даяар онц байдал зарлах гэж удаан мөрөөдөж байгаа Женкод л ашигтай.
Тэгэхээр үймээн шуугианд ил, далд турхирах нь аргагүй шүү дээ. Цагдаа иргэн хоёрыг мөргөлдүүлчихээд, цаана нь наймаагаа хийдэг туршлагатай хүн шүү, цаадах чинь. Элбэгдорж, Баяр хоёроос Ерөнхий сайд байхад нь Тавантолгойгоо л өгчих гэж ичихгүй гуйж байсан хүн одоо тэр мэтийн наймаагаа түмний үрсийг төрийн цагдаатай нь нанчилдуулж байгаад ардуур нь амжуулахгүй гэх баталгаа ер үгүй.
Монголын ардчилал хаачив гээд Америкийн хэвлэлд бичээд байна гэсэн үү, АНУ-ын PR компанид Ц.Туваанаар дамжуулан, АН-ын нэрээр 150 мянган ам.доллар төлөн байж хэдэн сонин сайтад хөлсний мэдээ нийтлүүлэх гээд гэрээ хийчихсэн, гэрээ нурааж яваа хүн гэдгийг мэдэж ойлгож байж л дуугараарай. Үг үнэндээ хатуу, үйл шулуундаа цагаан даа.