Оросууд “Спутник Лайт” хэмээх нэртэй коронавирусийн шинэ вакцинаа бүртгэн авлаа. Уг вакцин нэг нэгдлээс бүрдэх бөгөөд үр дүн нь 79,4% гэж Оросын шууд хөрөнгө оруулалтын сангаас батлав.
“Нэг тунт “Спутник Лайт” вакцины үр дүн хийлгэснээс хойш 28 хоногийн дараах дархлаа нь 79,4% тогтож байна. Үр дүнгийн үзүүлэлт 80-аад хувь байгаа нь хоёр удаа тарилга хийлгэдэг олон вакцинаас үр дүнгээрээ давж байна” гэж РИА Новостид мэдээллээ.
Туршилтын нэг, хоёрдугаар үе шатанд аюулгүй байдал, дархлааны генийг судалсан бөгөөд энэ оны нэгдүгээр сард эхэлсэн. Харин завсрын үр дүн гуравдугаар сарын 10-нд бэлэн болжээ.
“Үр дүн нь дархлаажуулалт хийсний дараа 28 дахь өдөр сайн дурынхны 96.9% -д антиген-өвөрмөц IgG эсрэг биет үүсгэгдсэн болохыг харуулсан болно. Вирусийг саармагжуулах эсрэг биет дархлаажуулалт хийсний дараа 28 дахь өдөр сайн дурынхны 91.67% -д үүсчээ” гэж Оросын шууд хөрөнгө оруулалтын сангаас мэдээлэв.
Хоёрдугаар сарын сүүлчээр клиникийн судалгааны гуравдугаар үе шат эхэлсэн аж. Энэ хүрээнд Гамалейн нэрэмжит төв, Оросын шууд хөрөнгө оруулалтын сан вакцины үр дүнтэй холбоотой дэлхийн хэмжээний судалгаа явуулсан байна. Судалгаанд Орос, АНЭУ, Гана болон бусад улсын 7000 хүн оролцжээ. Завсрын үр дүн энэ сард гарна гэж Оросын шууд хөрөнгө оруулалтын сангаас мэдээллээ.
Ямар вакцин бэ
“Спутник Лайт” вакциныг “Спутник V”-г боловсруулж гаргасан Гамалейн нэрэмжит халдвар судлал, микробиологийн үндэсний судалгааны төвөөс боловсруулжээ. “Спутник V”-гийн хувьд хоёр тун тарих ёстой бол “Спутник Лайт” ердөө л нэг удаа тарихад хангалттай.
“Спутник Лайт” вакциныг коронавирус тусаад эдгэрсэн хүмүүст зориулан бүтээсэн гэж Шадар сайд Татьяна Голикова мэдэгдсэн байна.
Оросын вакцинжуулалт
Орост “Спутника Лайт”-аас гадна “Спутник V”, “ЭпиВакКорона”, “КовиВак” гэсэн гурван вакцин бүртгэлтэй байна. Голиковагийн хэлснээр тавдугаар сарын 6-н гэхэд Оросын 13,4 сая иргэн эхний тунгаа, 9,4 сая нь хоёр дахь тунгаа хийлгэжээ. Тавдугаар сарын баярын эхээр вакцинжуулалт бага зэрэг удааширсныг тэрбээр онцолсон байна. Орост одоогийн байдлаар 31,9 сая тун вакцин үйлдвэрлэсний ихэнх нь “Спутник V” гэжээ.
Эх сурвалж: bbc.com
Орчуулсан Э.Март