Халдварт саагийн вирус олон жилийн турш хэдэн сая эцэг эхчүүдийг айлгаж түгшээж ирсэн юм. Америкт 1955 он гэхэд хэдэн арван мянган хүүхэд энэ халдварт өртөж, олонх нь хөгжлийн бэрхшээлэй болжээ. Азаар энэ аюулт өвчний вакцин гарснаар итгэл найдвар бий болов. Гэвч тарилга хийлгэх сонирхолтой хүмүүс үнэхээр бага байлаа. Энэ асуудлыг шийдэхийн тулд АНУ-ын Засгийн газар тухайн үедээ Америктаа хамгийн алдартай хүн болох Элвис Преслийг татсан юм.
Рок-н-роллын хаан америкчуудын вакцины тухай бодлыг эрс өөрчилж, төрийн суртал ухуулгын хүчирхэг машин болсныг энд хүргэе.
Аймшигт өвчин
Халдварт саа бол халдвартай өвчин. Ямар нэгэн вирусээр үүсгэгддэг энэ өвчний улмаас саажилттай үлдэж ч магадгүй, аль эсвэл амь насаа ч алдах магадлалтай. ХХ зуунаас өмнө энэ өвчин АНУ-д тийм ч ноцтой асуудал биш байлаа. Үүнээс өмнө иргэд эрүүл ахуйд нийцэхээргүй ундны усаар дамжуулах халдварт саагийн халдварт байнга өртөж, төрөлхийн дархлаатай болдог байжээ. Түүнчлэн ээжээс энэ өвчний дархлаа хүүхдэд хөхний сүүгээр дамжина.
Гэвч усны сувгийн системийг шинэчлэн сайжруулж, усан хангамжтай болсноор энэ халдварт өртөх хүмүүс багасчээ. Хүүхдүүд халдварт илүү өртөмтгий болсон байна. АНУ-д 1940-1950-иад онд бэби-бум болжээ. Энэ нь халдварт саа тархах тохиромжтой нөхцөлийг бий болгов. Гэнэт л дархлаа дамжихаа больж, зун болгон энэ өвчний хэдэн арван мянган тохиолдол гарч эхэлжээ. Тэр дундаа хүүхдүүд хамгийн ихээр өртөж байлаа.
Эцэг эхчүүдийн дунд айдас улам нэмэгдсээр л. Усан сан, ундны устай оргилууруудыг жил бүр хааж, вирус тархахаас сэргийлж байлаа. Айж түгшсэн томчууд нэгэн цагт хөдөлгөөнтэй, сэргэлэн явсан хүүхдүүд тэргэнцэрт сууж, саажсаныг нүдэн дээрээ харж байв. Халдварт саагийн дэгдэлт 1940-өөд оны сүүлч, 1950-иад оны эхээр эрчимжиж, 1952 онд бүр 58 000 хүн өвчилсөн юм.
Итгэл найдварын оч
Харин шинжлэх ухаанд үсрэлт гарав. Халдварт саагийн эсрэг Солкийн вакцин бүтээв. Энэ вакциныг 1955 онд хэрэглэхийг сайшаажээ. Хүүхдүүдийг хамруулахын хэрээр халдварын тоо ч огцом буурч байлаа. Ухамсартай томчууд хүүхдүүдээ аль болох вакцинд хамруулахыг хичээнэ. Гэсэн хэдий ч хүн амын 0.6% нь л вакцинд хамрагджээ. Энэ бол үнэхээр бага тоо. Ялангуяа өсвөр насныхан вакцин хийлгэхийг тэгтлээ хүссэнгүй.
Хаан туслахаар иржээ
Төрөөс вакцинжуулалтыг дэлгэрүүлэх ямар ч кампанит ажил явуулаад нэмэр болсонгүй. Ингээд морины нүүдэл хийхээр болж, тухайн үедээ залуучуудын дунд хамгийн нэр хүндтэй Элвис Преслийг татжээ.
Рок-н-роллын хааныг тухайн үедээ телевизийн хамгийн алдартай хөтөлбөрт тооцогддог Эд Салливаны шоунд зочноор урьсан байна. Гэхдээ энэ шоунд түүнийг дуулуулах гэж дуудаагүй юм. Шоуны өмнөхөн Эд Салливан болон хэвлэлийнхний нүдэн дээр Пресли тарилга хийлгэжээ. Элвис олныг сайхан инээмсэглэлээрээ татаж, ханцуйгаа дээш өргөн, Нью-Йорк мужийн албан ёсны төлөөлөгчөөр халдварт саагийн вакцинаар дүүргэсэн шприцний зүү хатгуулжээ.
Ингээд л вакцинжуулалтын сурталчилгааны томоохон кампанит ажил эхэлсэн юм. Мичиган мужийн, Батл-Крикээс зүүн тийш орших Альбион хэмээх нэгэн жижигхэн хотод нэгэн бямба гарагийн орой Америкийн Засгийн газрын хүлээсэн зүйл болов. Өсвөр насныхан вакцин хийлгэхийг хүсч, дараалалд зогсож эхэлжээ. Харин хаан тоглолтоо толилуулж байлаа. Тоглолтын үнэ хэд гээч? Нүцгэн гараа гаргахад л хангалттай.
Улс орон даяар ийм маягийн бүжгийн талбай бий болов. Өсвөр үеийн хүүхдүүдийг дуулж, бүжиглэж, тарилга хийлгэх санал тавьж байлаа. 1958 он гэхэд бямба гарагийн ийм үдэш “солк-хоп” нэртэй болжээ. Энэ үдэшлэгт зөвхөн залуучууд төдийгүй Жонас Солкийн боловсруулсан халдварт саагийн тарилгыг хийлгэх гэсэн залуучууд бүгд хамрагдах боломжтой байлаа.
Ийнхүү рок-н-ролл нь халдварт саагийн эсрэг вакцинтай холбоотой мухардмал байдлын 5 жилийн дайны нэг хэсэг болжээ. Энэхүү кампанит ажил нь олон нийтийн эрүүл мэндийн салбар дахь шинжлэх ухааны ноу-хауг уран бүтээл, Амрикийн нийгмийн шинэ хөдөлгөгч хүчтэй хослуулсан явдал болсон юм.
Вакцинжуулалтын хөдөлгөөн дэлхий ертөнцийг хэрхэн аврав
Ямартай ч уг сурталчилгаа вакцинжуулалттай холбоотой нийгмийн хандлагыг бүхэлд нь өөрчилсөн юм. Вакцин гэнэт л зөвхөн томчууд, эсвэл бага насны хүүхдүүдийн хариуцах асуудал болсонгүй. Өсвөр үеийнхэн ч идэвхтэй хамрагджээ. Хүн амын хамрагдалт 0,6%-иас 80% болтлоо өсчээ.
Халдварт саагийн эсрэг вакцины боловсруулалтад гаргасан амжилт ч мөн тус болсон юм. 1960-аад онд Солкийн гаргасан, 3 удаа хийдэг, үнэтэй, хүнд вакцины оронд хямд хэр нь нэг удаа хийдэг вакцин гарч ирэв. 1979 оноос хойш АНУ-д халдварт саагийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Үүгээр ч зогсохгүй 2016 онд дэлхий дээр энэ өвчний ердөө л 42 тохиолдол бүртгэгджээ. Хэдийгээр коронавирусийн цар тахал, түүнчлэн Афганистан, Пакистан зэрэгт цэргийн мөргөлдөөн гарч байсан ч 2020 онд халдварт саагийн дэгдэлт бараг гарсангүй. Өнөөдөр дэлхий даяар халдварт саагийн вакциныг стандартын дагуу товлолт вакцинд оруулдаг байна.
Энэ туршлага өдгөө ямар нөлөө үзүүлэв
АНУ-д вакцинд хамруулах моодноос хойш 60 гаруй жил өнгөрчээ. Өдгөө АНУ COVID-19-тэй тэмцэх уралдаанд вакцинжуулалтын ээлжит кампанит ажлаа явуулж байна. Хүмүүсийн дунд вакцин хийлгэх эсэхээ шийдэж ядсан байдал зарим бүлэгт хэвээр байна. Өнгөрсөн үеийн туршлага дээр үндэслэн Байдены засаг захиргаа саяхан энэ тэмцэлдээ алдартнуудыг ашиглах төлөвлөгөөгөө зарлажээ. Ингээд тамирчид, дуучид, жүжигчдийг татахаар болсон байна. Нийгмийн сүлжээ ч ийм сурталчилгаагаар дүүрчээ. Тэгэхээр Элвис Преслийн нэвтрүүлсэн туршлага дахиад ч дэлхий ертөнцийг аварч мэдэхээр байна.
11
Эх сурвалж: kulturologia.ru
Орчуулсан Э.Март