Эрдэнэт хотын АН-ын хэсэг гишүүд Эрдэнэтээс парламентад нэр дэвшин сонгогдсон Н.Алтанхуяг болон бие даагч гишүүн С.Ганбаатар нарыг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах ажлыг өнөөдөр эхлүүлжээ. Тэд МоАХ болон АН-ын гишүүддээ хандан уриалга гаргасан бөгөөд Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах ажлыг зохион байгуулж эхэлсэн талаараа ФБ хуудсуудаар дамжуулан мэдэгджээ.
Тэдний уриалгад: МоАХ, АН-ын жирийн гишүүд, дэмжигчид, иргэд ээ!
Та биднийг сүүлийн 30 жил бие биенээ үзэн ядах, талцуулан бутаргах, үндэсний үйлдвэргүй, ажилгүй орлогогүй, ирээдүйдээ итгэх итгэлгүй болгон хүний гар харж, амьдруулж, өөрсдөө та бидний итгэл сэтгэл, зүтгэл дээр дөрөөлж, хэмжээлшгүй эрх дархтан болж, хөрөнгөжиж, оффшорчин, олигарх, бирдүүд болсон эзэд өнөөдөр Төрийн өндөр албан тушаалд санаархан төр, түмнээ үл хүндэтгэн авирлаж байгаа нь тод харагдаж байгааг дүгнэж, тэднээс болгоомжилж цэг тавих цаг болжээ.
Цаашил эх орон, ард түмэн, үр хүүхэд, ирээдүйгээ эрүүл саруул ухаанаар харж, үндэсний үзэл, өвөг дээдсийн ухаан, өвлүүлсэн эд баялагтаа эзэн байж, ардын сайхан уламжлал, ёс заншилаа дээдлэн бие биенээ хайрлан, төр засгаа хүндэтгэж эх орондоо энх тунх, аз жаргалтай сайн сайхан амьдралын төлөө хамтын хүчээр эв эеийг эрхэмлэн нэгэн зүгт зүрх сэтгэлээ нэгтгэхийг уриалж байна. Монгол хүн таны саруул ухаанд мөргөе хэмээжээ.
Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг УИХ-ын гишүүнээс огцруулах гарын үсэг цуглуулах ажил үргэлжилж байна. УИХ-ын гишүүд хоёр хоногийн өмнө АН дотор үүссэн задрал хуваагдал, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажлыг эсэргүүцэн өлсгөлөн зарлаад байгаа билээ.