Хойд Солонгосын асуудлаар дагнан бичдэг Өмнөд Солонгосын “Daily NK” сонин пүрэв гаригт Пёнъяаны эрх баригчид энэ сарын эхээр Монгол Улс руу 200 ажилчин илгээхээр төлөвлөж байгаа талаар мэдээллээ.
Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр Монгол Улсад ирэх ажилчдын 60 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахун фермүүдэд ажиллах эрэгтэй ажилчид байх бол 40 хувь нь нэхмэлийн үйлдвэрт ажиллах эмэгтэй ажилчид байх аж.
Монгол руу илгээх ажилчдыг сонгон шалгаруулах ажил өнгөрөгч сарын сүүлээр эхэлсэн бөгөөд Хойд Солонгосын эрх баригчид явах хүмүүсийг сонгох гурав дахь шатны шалгаруулалтыг хийж дууссан. Одоо Хойд Солонгосоос гадаад улсад зорчиход шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлэх дөрөв дэх шатны сонгон шалгаруулалт үргэлжилж байгаа гэжээ.
Хойд Солонгосын эрх баригчид “COVID-19” цар тахлын улмаас үүссэн гадаад валютын хомстол болон олон улсын зүгээс тус улсад авсан хориг арга хэмжээний улмаас үүссэн эдийн засгийн хүндрэлийг давах зорилгоор гадаад улсад ажиллах хүч илгээх, хөрөнгө босгох хүчин чармайлтаа өргөжүүлээд байгаа аж. Тухайлбал, “Daily NK” сонин өнгөрөгч гуравдугаар сард Хойд Солонгос улс ОХУ-ын Владивосток хот руу 10 мянган ажиллах хүч илгээсэн талаар мэдээлж байв.
Хойд Солонгосын эрх баригчид ОХУ, БНХАУ зэрэг гадаад улсад гарч ажиллах хүмүүсийг сонгох шалгаруулахдаа ердийн үед 4-6 сарын хугацаа шаарддаг аж. Эхний сонгон шалгаруулалтаар гадаадад ажиллах хүчинд элсэгчид орон нутгийн эмнэлгүүдэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, оршин суугаа харъяа газрынхаа намын байгууллагаас зөвшөөрөл авдаг байна. Нэгдүгээр шатанд тэнцсэн хүмүүс аймгийн намын байгууллагаас зохион байгуулдаг сонгон шалгаруулалтад оролцоно. Хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтаар гадаадад ажиллах хүчинд элсэгчидтэй нэг бүрчлэн ганцаарчилсан ярилцлага хийж, илүү нарийн мэргэжлийн эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг аж. Нарийн мэргэжлийн эрүүл мэндийн үзлэгийн гол зорилго нь элсэгчид уушгины хатгалгаа, гепатит, сүрьеэ зэрэг аливаа халдварт өвчнөөр өвчилсөн эсэхийг тогтооход чиглэдэг байна.
Гадаадад ажиллаж байгаад дүрвэсэн Хойд Солонгос иргэдийн мэдээлснээр эрүүл мэндийн үзлэгээр халдварт өвчтэй нь тогтоогдсон хүмүүс эмч, эмнэлгийн ажилчдад хахууль өгөх замаар эрүүл гэсэн бичиг хийлгүүлэх тохиолдол байдаг аж.
Гуравдугаар шатны сонгон шалгаруулалтаар элсэгчид нийслэл Пёнъяаны ардын 2-р эмнэлэгт эрүүл мэндийн бүх төрлийн үзлэгт хамрагддаг байна. Эх сурвалжийн мэдээлснээр хүмүүс эрүүл мэндийн үзлэгүүдийг давахын тулд авлига өгдөг ч ДОХ-ын эерэг хариу гарсан тохиолдолд ямар ч хахууль нэмэр болдоггүй гэжээ. Хамгийн сүүлд хүмүүс хахуульд 1000 ам.доллар өгдөг гэх мэдээлэл гарсан байна. Энэ тоо 2019 онд 500 ам.доллар байжээ.
Харин хамгийн сүүлийн буюу дөрөв дэх шатны үзлэгийг Хойд Солонгосын Гадаад хэргийн яам зохион байгуулдаг байна. Үнэн хэрэгтээ гурав дахь шатны сонгон шалгаруулалтаар явах хүмүүс тодорхой болсон байдаг ч Гадаад хэргийн яам сонгогдсон хүмүүстэй нэг бүрчлэн ярилцлага хийж гадаад паспорт болон бусад бичиг баримтуудыг олгодог аж.
Нэг хүн гадаадад ажиллахын тулд хахууль, аяллын зардалд дунджаар 3000 ам.доллар зарцуулдаг байна. Түүнчлэн Хойд Солонгосын ажиллах хүч гадаад хүнд хөдөлмөр эрхэлж олсон цалингаасаа эрх баригч Ажилчдын намын санд хандив өргөх шаардлагатай болдог.
Эх сурвалж: Daily NK