Р.ЭМҮҮЖИН
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурав маань АН-ын дотоод асуудлаар хуралдаж эхэллээ дээ. Баттулгын араас цаазаар ав, дүүжил, тэр тусмаа “Эрдэнэ чамайг дүүжилнэ шүү” гэж хэлдэг хоёр дахь хүн гарч ирсэн нь Алтанхуяг. За уучлаарай, Алтанхуягт АН-ыг засч, залж, Элбэгдорж, З.Энхболд нарын хуйвалдаанаас аварч явсан үе бий. Тарж уначихаад байхад нь тахимдсаар байгаад эвлүүлж байсан ч үе бий. Элбэгдоржийн хонгилоор чирэгдээд, Баттулгын хонгилын үүдэнд овоо ч их золиос төлж байж тээглэж үлдсэн дээ. Журмын нөхөд нь харин анд нараа золиослохгүй гээд зовлонгоо хамт үүрээд, хоригдох нь хоригдоод, сөрөх нь сөрөөд өдий хүрлээ. С.Эрдэнэ гэдэг хүнийг Алтанхуягийн хэлснээр дүүжилж болно оо.
Гэвч энэ хүн таван намын нэгдэл болох АН-ын 2016 оны сонгуульд үзүүлсэн амжилтыг 22 хувь өсгөж, УИХ-д 11 суудалтай болгож, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялахад нь ивээс болсон юм шүү. Одоо бол АН муухай харагдаж байна. Харамсалтай ч байна. Онц байдал зарлачихаад овойгоод ноёрхож байх санаатай Баттулгын идэш болж байна. Монголын ардчиллыг Баттулгын дугуйны нөхөөс болгохгүй гэж зүтгэж өдий хүрсэн олон хүн одоо Алтанхуягийн ангал руу, Жэнкогийн хонгил руу унах хэрэг үү? Дээр нь энэ улс төрийн намууд нэр дэвшигчдээ бас бодож сонгон хэлэлцмээр байна. Баттулгын өмнөөс Америкийн PR компанитай 150 мянган ам.долларын гэрээ хийсэн Ц.Туваан гэдэг хүн Цогтгэрэлийг түлхэж байгаа.
О.Цогтгэрэл нь саяхан АН-ын даргын сонгуульд өрсөлдөж байхдаа Баруун монголчууд төр барих болсон гэсэн агуулга бүхий, хариуцлагагүй сурталчилгаа явуулсан байдаг. За тэгж яривал би ч Баруун Монголдоо орно. Энэ тийм өгдөөгөөд байх хагарал талцал мөн үү? Алтанхуягийг дэвшүүлчихээд сонгуулийн сурталчилгаа эхлэнгүүт Баруун, Зүүн Монгол гээд балайраад, талцуулаад байхыг хэн үгүй гэхэв? Баруун, Зүүнээрээ хуваагдаад, барс мэт явсан Монгол батгана мэт болсон түүх ч бий. Асар их мөнгө төлсөн Америкийн компани чинь ингэж зөвлөөгүй биз дээ? Энэ мэтээр бодох, тунгаах юм олон байна.
Холоос шидсэн чулууг хормойлдог цаг ч биш. Цогтгэрэл ч гэж Цогтгэрэл. Залуу үедээ хэзээ ч орон зай гаргаж өгч байгаагүй АН-д шинэ үеийнхний санаа зорилго дутаж байна, гэтэл үеээ өнгөрөөгсдийн хонгил руу хоолой татаад гүйгээд орчихож болж байгаа юм уу? Улс орон хэзээ хэзээнийхээс илүү эв нэгдэлтэй байх учиртай эвгүй цагт АН өөрсдийн дотоод хагаралаа өргөн түмэнд нялзааж, өндөр төрийг хүчгүйдүүлэх гэж хууль зөрчин улстөржиж байна. Тэгснээ өөрсдийг нь өрөвдөх сэтгэлгүй хэд буталж, хэдэнтээ хуваасан Ерөнхийлөгч Баттулга руу хов зөөж гүйгээд, өнөөх нь өлгөж авангуутаа цахимаар хурал зарлаад, цаанаа юугаа тохиролцож, ямар наймаагаа хийж байгааг хэн мэдэхэв.
Ямар ч байсан Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа АН-д хэн үлдэнэ, тэр хүнээ тойрон хүрээлж, тооноо тэгшлээрэй дээ л гэж хэлье дээ. Одоо бол АН эрх мэдэл албан тушаалаасаа салах дургүй хүмүүсийн хувьд бялууны чимэглэл, хорхогны шөл шиг л амттай байна, Алтанхуяг аягалж өгөөд, өнөөх нь амсаж хөлсөрч ч байна.
За тэгээд та нарын элэг эвдэрч, эв хагарсан дотоод үймээнээс болоод эгэл ардын цус урсаж, эрх зөрчигдөх ёсгүй шүү. Хуультай улс орон хуулиа л мөрдөнө. Ёстой хууль байгаагүй бол Эрдэнэтэй, Алтанхуягтайгаа, дөрвүүлээ сонгуульдчих гэмээр болтол бачим барилдаж, давчуу далчиганах юм даа, хөөрхий. Нэг л үг хэлье. Холоос шидсэн чулуу хормойд халтай, хойноос хашгирсан үг сэтгэлд халтай гэдэг юм шүү.