Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуягийн нэр дэвшигчийн материалыг СЕХ-нд бүртгүүлэхээр намын дарга О.Цогтгэрэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат нар тэргүүтэй УИХ-ын 10 гишүүн өнөөдөр СЕХ-нд очиж ажиллаж байна.
Энэ үеэр СЕХ-ноос АН-ын хоёр хуваагдсан тал зөвшилцөөд 18.00 цагт материалаа өг гэсэн зөвлөмж өгсөн.
Харин О.Цогтгэрэл даргтай УИХ-ын АН-ын гишүүд СЕХ-ноос тавьж буй шаардлага, зөвлөмжийг эсэргүүцэн суулт зарласан тухайгаа цахим хуудсаараа мэдээллээ.
АН-аас цахим хуудсаараа “СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран тус намын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцож С.Эрдэнэ тэргүүтэй хоёр дахь Ардчилсан нам гарч ирсэн тул танай нэр дэвшигчийн материалыг хүлээж авахгүй гэсэн нь сонгуулийн хууль тогтоомжийг зөрчиж Ардчилсан намын мянга мянган гишүүдийн санал, шийдвэр болоод сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн явдал боллоо. Иймээс Ардчилсан намаас нэр дэвшиж ард түмний саналаар сонгогдсон УИХ-ын гишүүд СЕХ-г хуулийн дагуу нэр дэвшигчийн материалыг хүлээж аван бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэн шийдэхийг шаардаж суулт зарлалаа.
Тус намыг хагарч хуваагдсан мэт байдал үүсгэж буй С.Эрдэнэ нь манай намыг төлөөлөх эрхгүйг болохыг 2021 оны 1 дүгээр сарын 14, 2 дугаар сарын 26, 4 дүгээр сарын 27-ны өдрүүдэд хуралдсан Улсын Дээд Шүүхийн удаа дараагийн шийдвэрээр тогтоосон байтал ийнхүү СЕХ асуудлыг ужигруулж буй нь нэг намын дарангуйлал тогтоохоор улайрч буй эрх баригч хүчний явуулга гэж үзэж байна” хэмээ тайлбарлажээ.