Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Уг хөтөлбөрийн нэг бүрэлдэхүүн төсөл болох Улаанбаатар хотын ус хангамжийг баруун эх үүсвэрээс нэмэгдүүлэх буюу Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн шинэ эх үүсвэрийн усны нөөцийг тогтоох ажлыг 2019 онд хийж гүйцэтгэжээ. Баруун шинэ эх үүсвэрийн хайгуул судалгааны ажил болон туршилт шавхалтын ажлын үр дүнд газрын доорх усны нөөцийг Шувуун фабрикийн хэсэгт 885 л/с буюу 76,460.0 м.куб/хоног, Биокомбинатын хэсэгт 736 л/с буюу 63,590.0 м.куб/хоног, нийт 1,621.0 л/с буюу 140,050.0 м.куб/хоног байхаар баталсан байна. Ингэснээр Улаанбаатар хотын баруун хэсгийг ундны усны эх үүсвэрээр хангах боломж бүрджээ.
Харин улсын хэмжээнд ахуйн чанарын шаардлага хангахгүй ус хэрэглэж байгаа 30 гаруй сум, суурин байдаг. Иймд нэн тэргүүнд эдгээр сумыг чанарын шаардлага хангасан, баталгаатай ундны эх үүсвэрээр хангах, мөн зарим аймгийн төвүүдийн ус хангамжийн эх үүсвэрийн ашиглалтын хугацаа дуусаж байгаа учир дахин усны нөөц тогтоох ажлыг зохион байгуулах, гидрогеологийн хайгуул судалгааны ажилд шаардагдах зардал, хөрөнгийг шийдвэрлэж, жил бүрийн төсөвт тусгах шаардлага тулгарч байгааг салбарын сайд онцолж байна.
Б.Ирээдүй