“Зөв ХҮН электорат” эвслийн Удирдах зөвлөл хуралдаж, Хөдөлмөрийн Үндэсний намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ эцэслэн тодрууллаа. Д.Энхбатыг ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр боллоо гэдгийг намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээллээ. Өнөө орой 18.00 цагаас эхэлсэн Удирдах зөвлөлийн хурлаар Д.Энхбат 66.7 хувийн саналаар тэргүүлсэн байна.
Тус эвслээс таван хүнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьсан. Үүнд Датакомын гэдгээр олны танил болсон Д.Энхбат, эдийн засагч Д.Жаргалсайхан, нийтлэлч, УИХ-ын гишүүн асан Б.Батбаяр, “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайхан, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар. Үүнээс Д.Энхбат, Б.Батбаяр, Б.Болдсайхан нар саналыг хүлээн аваад байсан юм.
Д.Энхбат ЗХУ-ын “Московский институт стали и сплавов” их сургуулийг төгссөн, техникийн ухааны доктор. Улс төрч, бизнес эрхлэгч. ИЗ-Ногоон намын гишүүн байсан. “Датаком” компанийг үүсгэн байгуулж, интернэтийг анхлан монголчуудтай танилцуулсан юм. Сүүлийн жилүүдэд боловсролын салбарт түлхүү ажиллажээ. Нээлттэй мэдлэг боловсролын сангийн ТУЗ-ийн даргаар ажилладаг. Энэ сан ONE буюу интернэт ашигласан сургалт буюу бүх нийтийн, насан туршийн нээлттэй боловсролыг Монголд бий болгох зорилготой.
Мөн Д.Энхбат систем судлалаар Орост эрдмийн ажил хийж, зэрэг хамгаалж, тэнд таван жил, социализмын үед статистик, судалгаа, төлөвлөлтийн байгууллагуудад ажилласан. Хөгжлийн зорилтот төслүүдийн стратеги төлөвлөлт, математик загварчлал, оптимал шийдэл олох хүн-машины буюу программын систем, интернэт, сансрын холбоо, программ хангамжийн судалгаа хийдэг.