Шүүдэр продакшн, Voo апп-ын хамтын бүтээл “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” УСК трэйлерээ цацлаа. Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Хотол цагаан гүнж” романаас сэдэвлэсэн энэ киног тулаант, уран сэтгэмжийн төрлөөр бүтээж байгаа агаад өнгөрсөн аравдугаар сард анхны тизерээ дэлгэсэн билээ. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй, өрнө дорны түүхэнд алдартай алтан ургийн, хүчит Хотулун гүнжийн тухай бүтээлийн гол дүрүүд ийнхүү трэйлерээр тодорч байна.
Гурван улирлын турш зураг авалтаа хийж, жил дамнан үргэлжилж буй энэ киноны гүнжийн дүрд жүжигчин Мөнхбатын Цэрэндолгор, Хайду хааны дүрд СТА О.Гэрэлсүх, гүнжийн сэтгэлт залуу горлос овгийн Абатай баатарт жүжигчин Б.Баттогтох, Урус хунтайжид СТА С.Тэмүүжин, Дува хунтайжид жүжигчин Г.Эзэнмөнх, Бүргэд баатарт МУГЖ Д.Төмөртогтох, Хасан сайдад СТА Ё.Баярмагнай, Хотулуны ээж Дөрбэжин хатанд СТА П.Мөнх-Од, Солон хатанд жүжигчин Б.Баярсанаа, Марал хатанд дуучин Ц.Энгүүн, Шибкан хатанд СТА Б.Эрдэнэ-Очир, Номхон хунтайжид жүжигчин Д.Мөнхтөмөр, Зульфа шидтэнд жүжигчин Б.Сэтгэлтүвшин нар тоглож байна.
““
Киноны эх зохиол шидэт реализмын хэлбэрээр бичигдсэн тул кино тулаант, эпик төрлөөр бүтээгдэж байгаа бөгөөд хөгжмийн зохиолчоор СТА Ц.Байдрагийг сонгожээ. Уг бүтээл гол баатруудын бага насны дүрүүдээр эхэлдэг агаад аавынхаа дүр Урус хунтайжийн бага насанд жүжигчин Тэмкагийн хүү Т.Анар-Од, Ажуруг гүнжид 6 настай Ж.Индра, Абатай баатрын дүрд А.Билэгт-Очир нар тоглож байгаа ажээ. Хотулун гүнж УСК-г насны ангилалгүй, гэр бүлээрээ үзэх үндэсний контент байлгах зорилгоор 18+ хэсгүүд, хэт их цус, хараал хашгираангүйгээр бүтээх зорилго тавьж байгаа юм байна.
Уг киноны зураг авалтыг 2020 онд Төв аймгийн Эрдэнэ сум, Хэнтий, Дундговьд хийсэн бол, энэ зун Хайду, Хубилай хааны их цэрэг, тулааны зургуудыг Архангай, Баян-Өлгийн Алтай таван богдод үргэлжлүүлээд дуусах юм байна. “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” тулаант уран сайхны кино энэ оны сүүлчээр ирэх арваннэгдүгээр сард нээлтээ хийхээр төлөвлөжээ.
Updown.mn