Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчдийн материалыг эцсийн байдлаар тавдугаар сарын 2-нд хүлээн авна. Энэ нь намууд нэр дэвшигчдээ тодруулж дуусахад 72 цаг хүрэхгүй хугацаа үлдээд байна гэсэн үг юм. Өнөөдрийн байдлаар АН-ын 8 гишүүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ О.Цогтгэрэл, М.Тулга нарын тэргүүлж байгаа хэсгүүдэд хүргүүлжээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас найман хүн нэр дэвшихээр болж байгаа нь бусад намуудаас өрсөлдөгч олонтой байна гэсэн үг юм. Нам нь хоёр хуваагдсан байгаа, ойлголцол зөвшилцөлд цаг хугацаа орно гэдэг утгаар АН-аас нэр дэвшигч нь хамгийн төвөгтэй нөхцөлд тодрохоор харагдаж байна.
Нөхцөл байдал ээдрээтэй байгаа энэүед Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн цахим хуудсаар дамжуулан найман нэр дэвшигчдээ амжилт хүсчээ. Тэрээр “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр намынхаа дотоод сунгаанд хүсэлтээ өгсөн 8 хүнд амжилт хүсч эв нэгдэлтэй байхыг намын бүх гишүүддээ уриалж байна. Нам дотроо хуваагдах нь ялагдал авчирдаг гашуун түүхтэй. Бүгд нэг л АН -ын туган дор нэгдэж намынхаа дотоод сунгаанд орох нь шударга өрсөлдөөний эхлэл болно. Та бүхэнд амжилт” гэж цахим хуудастаа тэмдэглэн үлдээжээ.
Б.ЧИНЗОРИГ