Нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар гурвын хэн нь ч ард түмнээсээ мандат авч, “сонгогдож” чадсангүй. Энэхүү үйл явц нь гурван нэр дэвшигч эсвэл сонгогчдын ирцээс үүдсэн асуудал гэхээсээ илүүтэй иргэд өнөөгийн улс төрийн гурван том намд итгэх итгэлийг харуулсан, түүнчлэн М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар гэх нөхдийн хувь улстөрчдөд нь тавьсан олон нийтийн дүн байлаа. Нөгөөтэйгүүр МАН, АН, МАХН гэх улс төрийн гурван намаас өөр сонголтыг ард түмэн хүсч, хүлээж байгааг илтгэж байна-
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох долоо дахь удаагийн сонгууль өнгөрсөн даваа гарагт болсон ч гурван нэр дэвшигчийн хэн нь ч ард түмнээсээ мандат авч чадсангүй. Энэхүү үйл явц нь гурван нэр дэвшигч эсвэл сонгогчдын ирцээс үүдсэн асуудал гэхээсээ илүүтэй иргэд өнөөгийн улс төрийн гурван том намд итгэх итгэлийг харуулсан, түүнчлэн М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар гэх нөхдийн хувь улстөрчдөд нь тавьсан олон нийтийн дүн байлаа. Нөгөөтэйгүүр МАН, АН, МАХН гэх улс төрийн гурван намаас өөр сонголтыг ард түмэн хүсч, хүлээж байгааг илтгэж байна.
Хэдийгээр сонгуулийн ирц 68.27 хувьд хүрч, нэг сая 357 мянга 788 иргэн сонгох эрхээ эдэлсэн ч АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 38.11 хувь, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 30.32 хувь, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 30.19 хувийн саналыг авсан бөгөөд хуульд заасны дагуу ирэх сарын 9-нд хоёр дахь шатны сонгуулийг хамгийн өндөр саналыг авсан хоёр нэр дэвшигчийн дунд дахин зохион байгуулахаар болоод байна. Учир нь, нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нарын хэн нь ч хуульд заасан сонгогчдын 50 хувиас дээш саналыг авч, төрийн тэргүүнээр сонгогдон ажиллах нөхцөлийг хангаж чадаагүй юм.
Үнэндээ өнгөрсөн зургаан удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд 2-4 хүн нэр дэвшин өрсөлдсөн ч аль нэг нь 50-иас дээш хувийн саналыг авч ялалт байгуулж иржээ. Энэ бол тухайн цаг үедээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчийг төрийн тэргүүний “сунгаа”-нд сойсон гэдгээс эхлүүлээд тэр цаг үед нь олон нийт улс төрийн нам, эвсэлдээ тэр хэрээр итгэл хүлээлгэж байсан гэдгийн нотолгоо юм.
Гэтэл өнөөдөр АН-аас нэр дэвшигч Х.Баттулга өрсөлдөгч хоёроосоо хувь илүү саналыг авч, ялалт байгуулсан ч төрийн тэргүүн болох эрхээ ард түмнээсээ авч чадаагүй нь нөгөө талаараа түүнд ч гэсэн олон нийт “итгэхгүй”, зүгээр л өөрийнх нь болон намынх нь чансааг л харуулсан явдал байж ч мэднэ. Харин МАХН-аас нэр дэвшин өрсөлдсөн С.Ганбаатарын хувьд хүлээж, төсөөлж байгаагүй “амжилт”-ыг үзүүллээ. Учир нь, түүний ард ясны улстөрч гэгддэг МАХН-ын дарга Н.Энхбаяр байсан нь энэхүү амжилтыг үзүүлэхэд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл өнгөрсөн парламентад 65 суудал авч, төрийн хувь заяаг “зурах” болсон МАН-ын хувьд нэр дэвшигч нь сонгогчдоосоо “чамлах”-аар саналыг авлаа.
Гэтэл өнгөрсөн хугацаанд 1993, 1997, 2001, 2005, 2009, 2013 онд болж байсан ч энэ удаагийнх шиг хоёр дахь шатны сонгуулийг зохион байгуулж байсан тохиолдол байгаагүй. Тодруулбал, 1993 онд Л.Түдэв, П.Очирбат нарын дунд “тулаан” өрнөж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр МҮАН, МСДН-аас нэр дэвшсэн П.Очирбат сонгогчдын 57.7 хувийн саналыг авч анхны төрийн тэргүүн болж байв. Харин 2009 онд МАХН-аас Н.Энхбаяр, АН-аас Ц.Элбэгдорж нар нэр дэвшиж өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 51.2 хувийн саналаар ялалт байгуулж байлаа. Энэ хоёроос бусад тохиолдолд 3-4 хүн нэр дэвшиж хоёр дахь шатны сонгуулийг зохион байгуулалгүйгээр аль нэг нь үнэмлэхүй ялалтыг байгуулж иржээ.
Өөрөөр хэлбэл, 1997 онд П.Очирбат, Ж.Гомбожав, Н.Багабанди нар өрсөлдснөөс МАХН-аас нэр дэвшсэн Н.Багабанди нийт сонгогчдын 60.8 хувийн саналыг авч Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч болж байсан бол 2001 онд мөн л 58.13 хувийн саналаар төрийн тэргүүнийхээ албан тушаалыг үргэлжлүүлэн хаших эрхээ өвөртөлжээ. Харин 2005 онд МАХН-аас Н.Энхбаяр, “Эх орон-Ардчилал” эвслээс М.Энхсайхан, БНН-аас Б.Жаргалсайхан, “Эх орон нам”-аас Б.Эрдэнэбат нар өрсөлдөж, өнөөгийн МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгогчдын 53.4 хувийн саналыг авч гурав дахь Ерөнхийлөгчөөр тодорсон байдаг. Хамгийн сүүлд буюу 2013 онд Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нар нэр дэвшин өрсөлдснөөс Ц.Элбэгдорж 50.2 хувийн саналаар ялалт байгуулж, өнөөг хүртэл төрийн тэргүүнээр ажиллаж байна. Дээрх зургаан удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд 2-4 хүн нэр дэвшин өрсөлдөж байсан ч өнөөдрийнх шиг хэн нэг нь 50-иас илүү хувийн саналыг авч чадалгүй, хоёр дахь шатны санал хураалтыг зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлж байгаагүй нь харагдаж байна.
Зөвхөн үүнээс үзэхэд л дээр дурьдсанчлан өнгөрсөн даваа гарагт болсон энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн гурван нэр дэвшигч, цаашлаад улс төрийн гурван том намд итгэх иргэдийн итгэлийг харуулж байна гэхэд болно. Ямартай ч энэ удаагийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн гурван нэр дэвшигчийн хэн нь ч ард түмнээсээ мандат авч чадсангүй хоёр дахь шатны санал хураалтыг зохион байгуулахаар боллоо.
Монгол Улс түүхэндээ анх удаа хоёр дахь шатны санал хураалтыг хамгийн өндөр саналыг авсан Х.Баттулга, М.Энхболд хоёрын дунд өрнүүлэхээр болж байна. Хэрэв ирэх сарын 9-нд болох хоёр дахь шатны санал хураалтын ирц болон энэхүү хоёр нэр дэвшигчийн аль нэг нь сонгогчдоосоо 50-иас илүү хувийн саналыг авч чадаагүй тохиолдолд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг бүхэлд нь хүчингүйд тооцох хуультай. Улмаар УИХ-аас дахин сонгуулийн товыг зарлаж, нэр дэвшигчдээ бүртгэх юм.
Эх сурвалж: