Өмнөд Суданы Юнити бүс нутгийн алслагдсан Жам Жанг хотод болсон залуусын бослогын үеэр халдлагад өртсөн хүмүүнлэгийн ажилтнуудыг Монгол Улсын энхийг сахиулагчид шуурхай ажиллагаа явуулан хамгаалалтад авсан тухай НҮБ-аас өнөөдөр мэдээлэв.
Тодруулбал, бямба гаргийн өглөө 50 орчим залуу Жам Жанг хотын нэгэн төрийн бус байгууллага орон нутгийн бус хүмүүсийг ажилд авч байгааг эсэргүүцсэн ширүүн бослого гарсан байна. Тэд албан байгууллагын байр руу дайран орж хэд хэдэн ажилтныг гэмтээжээ. Халдлагын тухай мэдээлэл авмагцаа Париан суурингийн ойролцоо НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа (UNMISS)-нд үүрэг гүйцэтгэж буй монгол цэргүүд шуурхай арга хэмжээ авч хүмүүнлэгийн ажилтнуудыг хамгаалан, хүчирхийллээс сэргийлж, гэмтэж бэртсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Улмаар энхийг сахиулагчдын баг өөрийн хүчээ зузаатган хамгаалалтад гарч, тусламж нэн шаардлагатай байгаа хүмүүнлэгийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангаж байна.
Сүүлийн хэдэн жилийн турш албан байгууллагууд зөвхөн орон нутгийн үндэстэн ястнуудыг авч ажиллуулах талаарх нутгийн иргэдийн шаардлагыг шийдвэрлэх асуудлаар Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа (UNMISS) нь тус улсын олон бүс нутгийн, тэр дундаа Юнити бүсийн эрх баригчидтай хамтран ажиллаж байгаа аж.
НҮБ нь тус улсын эдийн засгийн доройтлоос үүдэж залуусын ажилгүйдлийн түвшин ноцтой хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрч байгаагийн зэрэгцээ аливаа байгууллага нь ажилчин авахдаа тэдгээрийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, чигч шударга байдал, үндэс угсаа зэргийг хүндэтгэж байхыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Мөн эдийн засгаа сэргээн босгож, залуусын хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлж залууст өөрсдийн чадавхаа бүрэн дүүрэн ашиглаж, илүү гэрэлт ирээдүйгээ цогцлоох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн тус улсын бүхий л хүчин чармайлтыг НҮБ бүрэн дэмжихээ илэрхийлэв.
Эх сурвалж: Монцамэ