ЭМЯ-ны өнөөдрийн хэвлийн мэдээллийн үеэр АШУҮИС-ийн Био анагаахын сургуулийн Бичил амь халдварын сэргийлэлт, хяналтын тэнхимийн эрхлэгч, дэд профессор Ч.Баттогтох хүн амын насны бүлэгт суурилан “COVID-19”-ийн ойрын хавьтал, халдварын тархалтын эрчмийг судлах судалгааны урьдчилсан үр дүнг танилцуулсан юм.
Судлаачид 2020 оны аравдугаар сарын 15-наас Монгол Улсын найман аймаг, хоёр хотын нас, насны бүлгийн 5000 оролцогчдын хамруулсан судалгаа эхлүүлсэн байна. Үүний 2300 нь хөдөө орон нутаг, 2700 нь хотын оршин суугчид байгаа аж.
Судалгаанд оролцогчдоос гурван сарын зайтай хоёр удаа цусны дээж авч, асуумж судалгаа авсан байна. Улмаар Монгол Улсад “COVID-19”-ийн халдвар дотоодод бүртгэгдэхээс өмнө цуглуулсан 5000 сорьцод шинжилгээ хийхэд 1.2 хувьд нь “COVID-19”-ийн эсрэг бие илэрсэн аж. Эсрэг биеийн тархалт насны бүлэг болон хот, орон нутагт ижил түвшинд ажиглагдсан байна.
Судалгаанд хамрагдсан 5000 оролцогчийг санамсаргүй түүврийн аргаар сонгосон байна. Тиймээс дээрх судалгааны үр дүн нь “COVID-19”-ийн халдварын тархалт хүн амын дунд маш бага түвшинд эргэлдэж байжээ гэх дүр зургийг харуулж байгаа аж. Энэ нь 2020 оны эрт үеийн эсвэл 2019 оны сүүл үеийн халдвар байхыг үгүйсгэхгүй” гэлээ.
Л.Баяр