Өчигдөр болсон Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар АН-ын хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулж, намын үндсэн дүрэмд нэмэлтийг болон намын даргыг бүртгэх асуудлыг хэлэлцэн. Шүүгчдийн бүрэлдэхүүн АН-ын хоёр хуваагдлаас нэр дэвшүүлсэн О.Цогтгэрэл, М.Тулгат нарын хэн хэнийг АН-ын даргаар бүртгэж аваагүй.
О.Цогтгэрэлийн хувьд АН-ын даргаар хүлээн зөвшөөгдөх найдвар тасарч байгаа бол М.Тулгатын талд дахин хэд хэдэн бичиг баримт нэмж бүрдүүлж ир хэмээн мэдэгдсэн байгаа. Улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулж, СЕХ-нд бүртгүүлж дуусахад 5 хоног үлдээд байгаа.
Энэ богино хугацаа АН-ын хоёр хуваагдсан талыг хүссэн ч эс хүссэн ч нэгэн дээвэр дор нэгтгэхэд хүрч байна. УДШ-ээс АН-ын хоёр тусдаа шинээр баталсан дүрмийн алийг нь ч хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Энэ нь 2017 онд батлагдсан АН-ын дүрэм хүчинтэй гэсэн үг.
О.Цогтгэрэл өчигдөр ФБ хуудсаараа дамжуулан нэгдэж сонгуульд нэр дэвших бодолтой байгаа. Ийм алхам хийхгүй аваас АН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй нөхцөл байдал үүслээ гэдгийг мэдэгдсэн. М.Тулгатын тал ч энэ хүсэлтийг хүлээн авч яг одоо хэлэлцэх асуудлаа тохиролцохоор хуралдаж байгаа гэнэ.
Б.Ирээдүй