1. Ээж, аавынхаа утасны дугаарыг цээжээр мэддэг байх

2. Яаралтай тусламжийн дугааруудыг мэддэг байх
Хүүхэд хэрвээ гар утастай бол ганц тоон дээр дараад тусгай дугаар эсвэл ээж аав руу холбогддог                байхаар  тохируулж өгөөд тайлбарлах.

3. Энд тэнд яваад төөрвөл аав ээжийгээ хайх хэрэггүй анхны төөрсөн хэсгийнхээ ойролцоо дэлгүүр,              үйлчилгээний газарт ороод худалдагч, ажилтан зэргээс нь тусламж хүсэх аргуудаас заах.

4. Явган хүний гарцаар ногоон гэрэл ассан байсан ч аль болох том хүмүүс ирэхийг хүлээж бараадаж              гарахыг тайлбарлах (2, 3-р ангийнхан ганцаараа гарц гарсан гэх зэрэг асуудлууд их гарч байна).

5. Хүүхэд өөрөө шийдэж чадахааргүй асуудалд заавал тусламж хүсэж байхыг ойлгуулах. Тухайлбал,            цахимын цаанаас таньдаг болон танихгүй хэн нэгэн сэтгэл санаанд хохирол учруулхуйц дайрч шоглосон байдаг. Үүнийг хүүхэд ээж аавдаа хэлбэл загнуулна гэж бодсоноор асуудлыг улам хүндрүүлж өөрөө сэтгэл санаагаар маш их хямардаг тохиолдол элбэг гарсан. (8+ насны, ялангуяа охидод тулгардаг)
Аав ээждээ үнэнээ хэлж ярилцаж байхад нь зэмлэж буруушааж огт болохгүй. “Үнэнээ хэлдэг чинь маш сайн хэрэг боллоо” гэх зэрэг эерэг, зөөлнөөр хүлээн авч асуудлаа шийдэхэд нь туслаарай. Шүүмжилбэл дараа дараагийн асуудлууд нууц болно шүү.

6. Танихгүй хүн ямар нэг байдлаар ятгаж авч явах гэж оролдвол “Танихгүй хүн авч явах гэж байна” гэж хамаг чангаар орилж хавь ойрын хүмүүст мэдэгдэх. Энэ нь аймаар зүйл биш өөрийгөө хамгаалах аргуудын нэг юм аа, бүх хүүхдүүд үүнийг сурдаг гэж тайлбарлана.

7. Онцгой тохиолдолд хэрэглэдэг нууц үгтэй байх. Аав хүүхэд, ээж хүүхэд хоёрынх тус тусдаа өөр байвал зөв. Нууц үг учраас тухайн 2 хүнээс өөр хэнд ч хэлж зааж болохгүйг сануулаарай.

8. Ямар ч тохиолдолд гэрийн хаалгаа хүүхдээрээ тайлуулдгүй байх хэрэгтэй. Том хүн хаалга онгойлгож байх ёстойг ойлгуулаарай.

9. Хүүхдийг үе тэнгийн хэн нэгэн нь цохиж, өвтгөж гэмтээх үед “боль, намайг өвтгөж байна, миний биед бүү хүр” гэж нүд рүү нь харж байгаад шийдэмгий өнгөөр хэлж байх аргыг заагаарай.

10. Миний биеийн надаас өөр хэн ч зөвшөөрөлгүй хүрч болохгүй хэсгүүд байдаг болохыг зааж тайлбарлаж өгөөрэй.
Бидний сонор, сэрэмж, анхаарал хүүхдийн аюулгүй байдалд маш чухал нөлөөтэй шүү.

Г. Төмөрзаяа (Хүүхэд-Эцэг эхийн Сургалт, Судалгааны Төв “Хөөрхөн Шар Шувуу” Боловсрол Судлаач, багш)
Г. Энэбиш (Хүүхэд-Эцэг эхийн Сургалт, Судалгааны Төв “Хөөрхөн Шар Шувуу” Сэтгэл Судлаач)

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн