“Оскар-2021” наадмын “Шилдэг Баримтат Кино” номинацид нэр дэвшсэн энэ жилийн шилдэг 5 бүтээлийн бүтээгч, туурвигч, сэтгүүлчдэд хүн төрөлхтөн мэхийн хүндэтгэж байна.
Бид уламжлалт сэтгүүлзүй үл бүтэх улс төрчид, үл бүтэх бизнесменүүд, үл бүтэх эрх баригчдаас болж үргэлж бүдэрч, буруутгагдаж, зөвхөн олны тусын тулд ажиллах үнэт зарчмаа алдаснаас үнэгүйдэж, хүчгүйдсэн эрин цаг, орон зайд амьдарч байна.
Энэ эрин, иргэд, олон нийт хариуцлагатай сэтгүүлзүйн бодит мэдээлэл болон зөвхөн “like”, “share”-д донтсон сошиал худал хуурмаг мэдээлэлийн хооронд “үнэн”-г хайж бүдчинэ.
Энэ эрин, иргэд сонгогчдын итгэл дааж, төрд төлөөлж суугаа “тэд” ард түмнээ аз жаргалтай, гачигдах дутагдах зовлонгүй,элбэг дэлбэг амьдруулахын төлөө амьсгалах завгүй зүтгэж байгаа “дүр” эсгэж элдэвлэнэ.
Энэ эрин, хууль дүрэм санаачилж, амьдралд тогтвортой хэрэгжүүлэх замаар гагцхүү ард иргэдийг айх айдасгүй, амар төвшин амьдруулах үүрэг хариуцлагатай ч “тэд” зөвхөн хар амиа хоохойлж, ахин дахин сонгогдохын төлөө л бүхнийг хийж, бүгдийг ялна.
Энэ эрин, ямар гарал үүсэл, ямар ч нийгмийн байдлаас үл хамааран, нийтэд, нийгэмд шударга ёс, ил тод засаглалыг бэхжүүлж, тогтоох чигч бодлого чанд мөрдөж, мөрдүүлэх зарчимтай ч “тэд” зөвхөн өөрсдөд нь албан тушаал, эрх ямба, хэргэм зэргэм хайралсан эзнээ л энэрч тэтгэнэ.
Коллектив баримтат киноны продюсер Bianca Oana
Оскар-2021 улаан хивсний ёслол дээр (Зургийг: https://www.eonline.com/)
Өглөө 08:00 цагаас (монголын цагаар) эхэлсэн Оскар-21 наадмын Шилдэг Баримтат Кино номинацид нийт 238 бүтээл өрсөлдөж, эхний 5 бүтээл тунасны нэг нь Коллектив баримтат кино. Өчигдөр буюу 2021 оны 04 сарын 25-ны Ням гарагийн 11:50 минутад МҮОНТ Коллектив баримтат киног орон даяар нэвтрүүлэв.Энэ цаг үед хийгдсэн сэтгүүллзүйн хамгийн шилдэг бүтээл болох уг киног гаргасан нь үзэгч түмэн ихэд таашааж байгаа харагдана. #MNBБаярлалаа.
Оскарт шигшигдэж үлдсэн 5 бүтээлийг та дараах линкээр орж сонирхоорой.(Нэрсийг англиар нь бичив.)
1. Time
““
Гайхалтай нэгэн эмэгтэйн тэмцэл нь шударга бусаар хэрэг хүлээж хоригдсон эр нөхрөө шоронгоос суллаж байгаа гайхамшигтай бодит түүх.
2. The Mole
““
Хүмүүний нас ахиж, хөгширч байгаа амьдралын жам ёсыг маш сонирхолтой, хөөр хөгжилтэйгээр харуулсан үнэн түүх.
3. Crip Camp
““
АНУ-н экс Ерөнхийлөгч Барак Обама эхнэрийн хамт гүйцэтгэх продюсерээр ажилласан баримтат энэ кино нь америкд хийсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “хувьсгал”-н тухай сэтгэл хөдлөм түүх.
4. My Octopus Teacher
““
Хүн урт удаан хугацааны турш нэгэн бяцхан (A Mollusk-Нялцгай биетэй амьтны нэрийг монголоор хэлж мэдэхгүй юм. Уучлаарай.Трэйлээс та бүхэн хараарай.) амьтантай харилцаж байгаа амьдарлын тухай гайхам түүх.
5. За тэгээд хамгийн сүүлд нь миний шунаж, шимтэж үздэг Коллектив баримтат кино .
Өнгөрсөн жил нээлтээ хийсэн сэтгүүлзүйн гайхалтай бүтээл. Та бүхэн өчигдөр МҮОНТ харсан тул би энд киноны тухай өгүүлэх нь илүүц. Шүүн тунгааж, ухаарч эргэцүүлэх сургамж санаа зөндөө, энэ баримтат киноноос.(Сэтгүүлчдэд сургамжтай зарим зүйлийг би зав чөлөө гаргаж байгаад залуу сэтгүүлчдэдээ зориулж бичнэ)
Миний хувьд, “Хариуцлагатай, хараат бус сэтгүүлзүй + хяналт оролцоотой, идэвхитэй олон нийт + шүгэл үлээгчид+ улс төрийн эр зоригтой манлайлагч улс төрч = Ил тод засаглал, ардчилсан шударга нийгэм” юм гэж эргэцүүлэв.
Дэлхийн нэр хүндтэй хэвлэл мэдээлэл, шинжээч, ажиглагчид Шилдэг Баримтат Кино номинацид үлдсэн дээрх 5 шилдэг киноноос ямар бүтээл Оскар гардах тухай олон таамаг дэвшүүлж байлаа. Ихэнх нь My Octopus Teacher бүтээл энэ жилийн Оскар авна гэдэгт итгэлтэй байсан. Тэдний таамаг зөрсөнгүй.
Ямартаа ч миний хувьд бүтэн жилийн туршид цуцашгүй хөдөлмөрлөж, хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа нийтийн эрүүл мэндийн системийн уналт, тогтолцооны ялзрал гажуудлыг илчилж дэлгээд зогсохгүй системийн бодит өөрчлөлт шинэчлэлт авчирсан Коллектив баримтат бүтээлийн уран бүтээлчдийн төлөөлөл Оскар–2021 улаан хивсэн дээр алхаж, мөн 238 бүтээлээс энэ жилийн дэлхийн сор 5 баримтат бүтээлийн нэгээр шалгарсан нь бахархам.
Хараат бус, хариуцлагатай сэтгүүлзүй бол хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгмийн ХҮЧИЛТӨРӨГЧ нь гэдгийг би Коллектив киноноос ухаарсан олон эргэцүүлэл ухаарлын нэг яах аргагүй мөн.
Хэдий хатуу бэрх бэрхшээл сорилтын өмнө байгаа ч миний монголын сэтгүүлчид тэр дундаа #MNB болон бие даасан эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн бүтээл хүн төрөлхтнийг ухааруулж эргэцүүлэм, сэтгэл хөдөлгөсөн гайхам түүх бүтээх цаг тун холгүй санагдана.
Тийм ээ, гэхдээ л “тэд” биднээс илүү мундаг ажлаа хийсээр. Харин одоо “бид” ажил үүргээ маш сайн хийх юм шүү.
Коллектив баримтат киноны гол дүр Каталин Тотолантай хийсэн ярилцлагыг та эндээс үзнэ үү. https://fb.watch/54FILpnFCj/
Коллектив баримтат кино Монголд анх удаа зохиогчийн албан ёсны онцгой эрхтэйгээр 2021 оны 01 сард Mongol HD телевизээр нэвтрэв. Өчигдөр буюу 2021 оны 04 сарын 25 өдөр МҮОНТ-р гол дүрийн ярилцлагын хамт орон даяар 11:50-14:05 цагийн хооронд цацагдлаа.
Баримтат киног та 5 өдрийн дотор SkyMedia болон Univision-с нөхөж үзэх боломжтой. Энэхүү агуулга контент нь аливаа улс төр болон бизнесийн бүлэглэлээс ангид болно. Монгол дах Их Британийн Элчин Сайд болон Канадын Элчин Сайдын дэмжлэгээр баримтат киноны зохиогчийн эрх худалдан авч, эх хэлнээ хөрвүүлсэн болно.
Нийтлэлийг бичсэн: Дэмчигийн Оюунчимэг, МҮОНТ-н ахмад сэтгүүлч,
Монголын Олон Нийтийн Медиэ Контент Сангийн үүсгэн байгуулагч