“COVID-19” гэдэг учир нь ойлгогдохгүй шинэ өвчин гэв гэнэтхэн, маш түргэн тархсан болохоор, энэ өвчнөөр өвчилсөн хүмүүсийг эмчилж байгаа эмч нар, эрдэмтэд практик дээр анх ажигласан зүйлсээ нэгтгээд, анагаах ухааны мэргэжлийн сэтгүүлд нийтлүүлэх ч завгүй твиттер, фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээгээр л бие биендээ танилцуулж, туршлагаа хуваалцаж байна.
АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүргийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт бөөн бөөнөөрөө үзүүлэх гэсэн хүмүүсийн анхны давлагаа түрэн орж ирэх үед, тэдний дийлэнх нь бидний нэрлэдгээр “worried well” гэсэн “онош” тавихаар улс байсан билээ. Өөрөөр хэлбэл, ханиалгаад, халуураад, томуу маягийн өвчний шинж тэмдэг илрэнгүүт нь өөрсдийгөө коронавирусийн халдвар авчихлаа гэж айсан хүмүүс л зонхилж байсан юм. Бид тэднээс хамрын арчдасын сорьц цуглуулж, зөвлөгөө өгөөд гэрт нь буцаадаг байлаа. Гэр бүлийнхнээсээ тусгаар байж болгоомжлох хэрэгтэйг зөвлөхийн зэрэгцээ амьсгаадах шинж тэмдэг илэрвэл шууд эрчимт эмчилгээний тасагт ирэхийг зөвлөдөг байсан юм. Тэгээд бид өвчтөнүүдээс цуглуулсан сорьцдоо холбогдох бүх шинжилгээг хийдэг байсан бөгөөд сүүлд нь COVID-19-ийн оношилгооны арга нэвтэрч нэмэгдсэн билээ. (Англи хэлний worried well гэдэг хэллэгийг эмч нар өргөн хэрэглэгддэг бөгөөд ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрвэл л өөрийгөө тэр өвчнөөр өвчилсөн байх гэж айгаад эмчид үзүүлдэг эрүүл хүмүүст тавьдаг нэг төрлийн онош болно–Орчуулагч).
Гэтэл бидний гэрт нь буцаасан хүмүүсийн нэлээд олон нь амьсгаадах, амьсгал давчдах шинж тэмдэг илэрчихсэн эрчимт эмчилгээний тасагт буцаад ирсэн юм. Бид тэднийг эмнэлэгт хэвтүүлж, хамарт нь ердийн салаа гуурс шургуулах юм уу эсвэл нүүрний маск өмсүүлээд, зөөлөн урсгалаар хүчилтөрөгч амьсгалуулах эмчилгээ хийдэг байлаа. Тэдний цусны дэлгэрэнгүй шинжилгээ, цээжнийх нь рентген зургаар бид эмчилгээнийхээ үр дүнг хянаж, бүрэн эдгэрээд эмнэлгээс гаран гартал нь хүчилтөрөгч амьсгалуулдаг байв. Зөөлөн урсгалаар хүчилтөрөгч амьсгалуулах эмчилгээ, дийлэнх өвчтөнд сайхан таарч байсан боловч энэ эмчилгээг хийсэн зарим өвчтөний биеийн байдал тогтворжиж өгөхгүй, бидийг ёстой самгардуудаг байлаа. Номоороо бол, ийм өвчтөнүүдийн амьсгалыг эрчимтэй дэмжих эмчилгээ хийх ёстой. Ийм эмчилгээг хоёр аргаар хийдэг юм. Нэгдүгээрт, түргэн урсгалаар хүчилтөрөгч амьсгалуулах зориулалтын гуурсыг өвчтөний хамрын нүхэнд шургуулаад, тусгай аппаратаар чийгшүүлсэн хүчилтөрөгчийг түргэн урсгалаар амьсгалуулж болно. Хоёрдугаарт, өвчтөний ам хамарт яг таарсан маск өмсүүлээд, даралтай аппаратаар уушгинд нь хүчилтөрөгч шахан оруулж, амьсгалуулж болно. Энэ аргыг инвазив бус амьсгалуулах арга гэдэг юм. Инвазив бус амьсгалуулах аргын нэг хэлбэр бол, нойрон дундаа амьсгал нь түр зогсдог хүмүүст CPAP гэдэг маск өмсүүлэн унтуулдаг арга юм (CPAP гэдэг нь, Continuous Positive Airway Pressure хэмээх англи үгийн товчлол бөгөөд амьсгалын замд байнга эерэг даралт үзүүлнэ гэсэн утгатай хэллэг болно–Орчуулагч).
За тэгж байтал, шинэ коронавирусээр үүсгэгдсэн COVID-19-ийн цар тахлын хүнд хүчрийг туулж, энэ өвчнөөр өвчилсөн хүмүүсийг эмчлэх гэж арга бүхнээ хэрэглэж үзсэн Хятадын эмч нар, Италийн эмч нарын зөвлөмж нийтлэгдлээ шүү. Тэдний зөвлөмжөөс харсан чинь, дээрх хоёр аргын алиныг нь ч хэрэглэх шаардлагагүй өвчтөнд шууд интубаци тавих нь зүйтэй хэмээн зөвлөсөн байлаа. Өөрөөр хэлбэл, өвчтөнд инвазив амьсгалуулах арга хэрэглэх нь зүйтэй гэж зөвлөсөн байв. Уг нь, ухаан алдсан өвчтөнүүдийн цагаан мөгөөрсөн хоолойд л гуурс шургуулан, тусгай аппаратаар хиймэл амьсгал хийдэг сэн. Хэдхэн долоо хоногийн өмнө өвчтөнүүдэд хэрэглэж байсан эмчилгээнийхээ энгийн аргыг ор тас орхиод, механик аргаар амьсгалуулах арга хэрэглэж эхэлнэ гэж бодохоос огт өөр эрин үед шилжээд ирсэн юм шиг санагдаж байж билээ. COVID-19-өөр өвчилсөн хүмүүст зөөлөн урсгалаар хүчилтөрөгч амьсгалуулах эмчилгээ үр дүн үзүүлэхгүй бол дараачийн шатны арай дээр аргууд бий. Гэтэл тэдгээр аргыг шууд алгасаад, өвчтөнүүдэд интубаци тавих шаардлагатай болчихсон маань нэг давуу талтай байв. Юу вэ гэхлээр, COVID-19-өөр өвчилсөн хүмүүст хүчилтөрөгчийг түргэн урсгалаар амьсгалуулах инвазив бус аргыг хэрэглэсэн үед, өвчтөний уушгинаас гарсан хийтэй цуг тасгийн эргэн тойрны агаарт цацагдан тархсан вирусээр дүүрэн мөхлөгүүд бусад өвчтөн, эмнэлгийн ажилтан ажилчдад халдварлан өвчлүүлэх эрсдэл маш их учирдаг байсан юм.
Тэгээд, COVID-19-өөр өвчилсөн хүмүүст аль болох эрт интубаци тавих нь зүйтэй гэсэн дүрмийг дэлхийн бусад улс орны эмч нар ч мөрдөн өвчтөнүүдээ эрчимт эмчилгээний тасагт шилжүүлдэг боллоо, бид ч бас мөрдөн өвчтөнүүдээ эрчимт эмчилгээний тасагт шилжүүлдэг боллоо. Гэтэл COVID-19-өөр өвчлөөд, эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа өвчтөнүүдийн тоо хэтэрхий олон байсан тул, нэг удаагийн ээлжинд бид зургаан өвчтөнд интубаци тавьж билээ. Долоо хоногийн эцэс хүртэл ийм маягаар ажиллавал, эрчимт эмчилгээний тасаг ч өвчтөнөөр пиг дүүрээд, хиймэл амьсгал хийдэг аппаратын тоо ч хүрэлцэхгүй болох нь тодорхой болоод ирсэн юм. Түүнээс гадна, интубаци тавьж хиймэл амьсгал хийсэн өвчтөнүүдийн эдгэрэлтийн хувь дэндүү бага байдаг нь Хятад, Италийн эмч нарийн судалгаанаас харагдаж эхэлсэн учраас, эмчилгээний энэ тактик ер нь зөв үү гэсэн асуулт аяндаа тулгарсан билээ.
Яг энэ асуулттай тулгараад байх үедээ, бид нэг сонин зүйлийг ажиглалаа шүү! Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчилж байгаа өвчтөн бүрийнхээ цусан дахь хүчилтөрөгчийн хангамжийг тодорхойлж, эд эсэд очиж байгаа хүчилтөрөгчийнх нь хэмжээг үнэлж үздэг юм л даа. Өвчтөний хуруунд яг таарсан пульсоксиметр гэдэг багажийг углаад хурууных нь хялгасан судасны цусанд агуулагдаж байгаа хүчилтөрөгчийн хангамжийг тодорхойлоод үзэхэд, 95 хувь буюу түүнээс дээш байвал хэвийн гэж үздэг юм. Гэтэл COVID-19-өөр өвчилсөн хүмүүсийн хялгасан судасны цусанд агуулагдаж байгаа хүчилтөрөгчийн хангамж маш бага байдаг байв. Анагаахын оюутан байхдаа заалгаснаар бол, өвчтөний царай нь хөхрөөд, амьсгалын дутагдалд орчихсон баймаар! Гэтэл тэдгээр өвчтөн ажрах ч үгүй зүв зүгээр яриад, гар утсан дээрээ юм бичээд байж байдаг байсан шүү. Энэ бол, COVID-19-өөр өвчилсөн хүмүүст л ажиглагдсан цоо шинэ зүйл. Тэд хүчилтөрөгчийн дутагдлыг чухам яагаад дажгүй даваад байдгийн учрыг мэдэх хүн даанч алга. Ядахдаа, эмч бид нар өвчтөнийхөө хүнд хөнгөний зэргийг хялгасан судасных нь цусанд агуулагдаж байгаа хүчилтөрөгчийн хангамжаар тодорхойлдог болохоор толгой бүр эргэж гүйцээд байгаа юм. Магадгүй, эд эсэд хүчилтөрөгч зөөвөрлөн хүргэж өгдөг молекулынх нь бүтцийг коронавирус өөрчилснөөс болоод пульсоксиметр хүчилтөрөгчийн дутагдлыг мэдэрдэггүй байх хэмээн зарим эмч таамаглаж байна. Гэтэл зарим нь, COVID-19-өөр өвчилсөн хүний биед гардаг физиологийн өөрчлөлтийг өндрийн өвчний үед гардаг физиологийн өөрчлөлттэй, өөрөөр хэлбэл, өндөрт гарсан хүн доошоо хэт хурдан буухад уушги шахагдсанаас үүсдэг өөрчлөлттэй адилтган тайлбарлаж байна.
COVID-19-өөр өвчилсөн хүмүүс хүчилтөрөгчийн дутагдлыг дажгүй давдаг хачин тохиолдлын талаар нийгмийн сүлжээнд хэд хэдэн удаа бичигдсэнээс хойш ерөнхийдөө энэ талын мэдээлэл үерийн ус шиг цутган орж ирсээр байгаа билээ. Эмч нар бид учраа олоогүй хэвээрээ мунгинаж байхад толгой эргүүлсэн юм бас дахиад нэмэгдчихлээ. COVID-19-өөр өвчилсөн хүмүүст чухам хэдийд интубаци тавих вэ? Өвчтөнд интубаци тавих хамгийн гол заалт болдог үзүүлэлт маань COVID-19-ийн үед биднийг хуураад байгаа юм биш үү? Эмч нар бүгдээрээ л энэ өвчинтэй анх нүүр тулан уулзаж байгаа болохоор хэн маань ч эдгээр асуултад хариулж чадахгүй байгаа юмаа.
Ер нь, эмч нар эмчилгээний практикт тулгамдсан ноцтой асуудлыг шийдвэрлэхдээ, янз бүрийн туршилт шинжилгээ хийж, эмнэл зүйн туршилтуудыг хийсний үндсэн дээр шийдвэрлэж, тэгснээрээ анагаах ухааныг шинэ түвшинд гарган хөгжүүлж байдаг юм. Гэтэл, COVID-19-ийн цар тахал тархсаар байгаа эгзэгтэй үед тулгамдсан асуудлаа тэгж шийдвэрлэх боломж үнэхээр алга. Энэ өвчний цар тахал ч цаашаа хэдэн сар үргэлжлэн тархаж, нас барсан хүмүүсийн тоо дахиад хэд дахин нэмэгдэх гунигт ирээдүй л харагдаж байна.
Өвчтөнд яаралтай тусламж үзүүлэх эмчилгээний арга, аргачлалыг боловсруулдаг тогтсон механизм улс болгонд бий. Улсын төсвөөс санхүүждэг эрдэм шинжилгээний тусгай хүрээлэн яаралтай тусламжийн эмчилгээний арга, аргачлалуудыг боловсруулж, хүрээлэнгийнхээ хяналтын зөвлөлөөр хэлэлцүүлж, мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлж, салбарынхаа мэргэжилтнүүдээр хэлэлцүүлсний дараа, эцсийн хувилбараар хянан засварлаж баталдаг журамтай билээ. Гэвч анагаах ухааны бүх салбарын дотроос нийгмийн сүлжээгээр гол мэдээллээ авч байдаг ганц салбар нь, яаралтай тусламжийн салбар болоод байна. Яаралтай тусламжийн тасагт ажилладаг дийлэнх эмч нар анагаах ухааны блогуудыг байнга уншиж, анагаах ухааны поодкастуудыг байнга сонсож байдаг бөгөөд тэдгээр мэдээллийнх нь заримыг хэвлэл мэдээллийн байгууллагад бүтэн орон тоогоор ажиллдаг мэргэжлийн хүмүүс бэлтгэдэг юм. Тийм учраас, дэлхий дахины эмнэлгүүдийн яаралтай тусламжийн тасагт чухам юу болж байгааг мэдэхийг хүсэгчид фейсбуук, твиттерт нийтлэгдэж байгаа зүйлстэй л танилцаж байх хэрэгтэй.
Шаардлагатай хүмүүст яаралтай тусламж үзүүлдэг, хүндэрсэн өвчтөнүүдэд сэхээн амьдруулах эмчилгээ хийдэг мэргэжилтнүүд ч олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй нягт холбоотой ажилладаг юм. Тухайлбал: АНУ-ын нутаг дэвсгэр дээр хамгийн анх Сеатль хотод оношлогдсон COVID-19-ийн цар тахал Нью-Йорк хотыг хамран тархах үед, өвчтөнүүдийг гардан эмчилж байсан эмч нар бид амин чухал ухаалаг мэдээллүүдийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс л олж авдаг байсан шүү. Цоо шинэ коронавирусээр үүсгэгдсэн энэ халдварт өвчнөөр өвчилсөн хүмүүсийг орных нь дэргэд сахин эмчилж, ажиглан судалж байсан эмч нар хэдийгээр ойлгоход бэрх ч бидний ажилд нэн хэрэгцээтэй баримт материалуудыг тэр дор нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түгээж, өвчтөнүүдийн биед илэрсэн эмгэг өөрчлөлтүүдийг судлан тогтоосон эрдэмтэд ч судалгааныхаа үр дүнг тэр дор нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түгээдэг байсан нь, эмчилгээнийхээ аргыг олоход маань чухал үүрэг гүйцэтгэж байсан юм. Урьд нь, өвчтөний асаргаа сувилгааны асуудлыг суурь шинжлэх ухааны судалгаатай хослуулахын тулд хэдэн сараас хэдэн жилийн хугацаа шаардагддаг байсаг бол одоо хэдхэн цагийн дотор л хослуулан шийдвэрлэдэг болжээ.
COVID-19 бол эмнэл зүйн хувьд биеэ даасан цоо шинэ өвчин боловч энэ өвчнөөр хамгийн олон хүн өвчилсөн Нью-Йорк хотод өвчтөнүүдийг гардан эмчилж байсан эмч нар нэлээд туршлага хуримтлуулж чадсан юм. Гэтэл COVID-19-ийн хүндхэн тохиолдол огт бүртгэгдээгүй зөндөө олон хот манай улсад байгаа билээ. Тэдгээр хотын эмч нар гарцаагүй хүнд өвчтөнүүдтэй учрах учраас, мэдлэг туршлагаа тэдэнд түгээх ёстой. Уламжлал ёсоор бол, судалгаа шинжилгээнийхээ материалуудыг нэгтгэн тав тухтай боловсруулаад, анагаах ухааны мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэх ёстой л доо. Гэвч бидэнд тийм зав даанч алга.
Манай эрчимт эмчилгээний тасгийнхан туйлын завгүй ажиллаж байсан болохоор, сүүлдээ бид эрдэм шинжилгээний туслах ажилтнууд ажиллуулдаг болсон билээ. Нью-Йорк хотод тогтоосон бүрэн хөл хорионы улмаас хуучин хийдэг байсан ажлаа хэсэг хугацаанд хийхгүй болсон хүмүүсийг эрдэм шинжилгээний туслах ажилтнаар ажиллуулан, COVID-19-өөр хүнд өвчилсөн өвчтөнүүдийг эмнэлэгт эмчлүүлэх хугацаанд хийсэн бүх эмчилгээ, эмчилгээнийх нь үр дүнг овог нэргүй интернэтийн судалгааны маягтад бөглүүлж, тэр дор нь түгээлгэдэг болсон юм. Дэлхийн бүх улс орны эрдэмтэд, эмч нар манай судалгааны маягттай эмчилгээ хийж байх явцад маань танилцан судалж, өөрсдийнхөө өвчтөнийг эмчлэх шийдвэрээ гаргахад ашиглах боломжтой болсон билээ. Шинэ коронавирусийн халдварыг өнөөдөр авсан зарим хүмүүс магадгүй хоёр долоо хоногийн дараа эрчимт эмчилгээ хийлгэх шаардлагатай ч болох юм билүү, юмыг яаж мэдэх вэ?!
Орчин үеийн тив алгассан аялал жуулчлалаас болж л дэлхий дахиныг хамран тархсан COVID-19-ийн цар тахлыг таслан зогсооход, орчин үеийн хүн төрөлхтнийг хооронд нь холбогч интернетийн сүлжээ ач тусаа үзүүлэх нь дамжиггүй.
Англи хэлнээс орчуулсан анагаах ухааны доктор Э. Пүрэвдаваа (drpurev@gmail.com) 2020-06-19
АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүргийн эмнэлгийн эрчимт эмчилгээний эмч Рюбен Стейерыг дагах хүмүүс твиттерийн @emupdates хаягаар дагаарай.
Эх сурвалж: Reuben Strayer. Why Social Media Is Crucial for Frontline Physicians in the Fight against COVID-19? https://blogs.scientificamerican.com/observations/