Хуульзүй, дотоод хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээр дэх 0168 дугаар ангийн алба хаагч нас барсан хэрэг гарсан.
Энэ талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчийн асуултад хариуллаа. Тэрээр “Хилийн цэргийн 0168 дугаар ангид ийм асуудал гарсан байна. Энэ асуудал дээр ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Уг байлдагч долоо хоногийн дараа гэртээ харих байсан. 25 настай, Хөвсгөл аймгийн харьяат, ганц бие хүн байсан. Өмнө нь болсон үйл явдлуудтай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Хил хамгаалах ерөнхий газарт албан бичгүүд хүргүүлсэн.
Алба хаагчдын сэтгэлзүйтэй ажиллах хүчийг нэмэгдүүл, анги нэгтгэлүүд дээр сэтгэл зүйч ажиллуулах чиглэл өгсөн. Долоо хоногийн өмнө Хил хамгаалах ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу ангийн удирдлагууд цэргийн ангиудад ажиллаж хоол унд, нөхцөл байдлын талаар асууж хариулт авахад ямар нэгэн тодорхой зүйл илэрхийлээгүй гэж байгаа. Говийн хоёр цэргийн анги дээр ийм харамсалтай хэрэг гарсан. Өмнө болсон хэргийг шалгаад ангийн удирдлагуудыг сольсон. Гэтэл ангийн удирдлагуудыг солиод удаагүй байхад дахин ийм хэрэг гарлаа. Бид үүнийг ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлтийг эргэн мэдээлнэ” гэлээ.
Л.Баяр