Шуурхай штабын мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр иргэдийг гэртээ байхыг уриаллаа.
Тэрбээр “ХӨСҮТ-ээс хөл хорионы хугацааг хоёр нууц үеийн хугацаа буюу 28 хоног гэж санал гаргасан байсан. Суурь өвчтэй вакцинд хамрагдаагүй иргэд халдварт нэрвэгдвэл хүнд хэлбэрээр өвчилж, нас баралт нэмэгдэнэ гэдэг тооцоог хийж байсан. Тэрний дагуу тохиолдлын тоо нэмэгдсэн тул ахмадууд, хууч өвчтэй хүмүүс халдварт өртөж, тохиолдлын тоо нэмэгдсэн. Тиймээс цаашид дахин 12 хоног зарласан юм.
Халдвар буурахгүй байгаа болохоор хөл хорио үр дүнгүй мэт санагдаж магадгүй. Гэхдээ хэрэв хөл хорио тогтоогоогүй бол өдөрт илрэх тоо 3-4 мянгад хүрч, есдүгээр сар гэхэд 190,000 хүн халдвар авах бөгөөд эрүүл мэндийн салбар хүндрэлтэй байдалд орох тооцоолол байсан” гэв.
Үргэлжлүүлэн мутацилагдсан вирусийн тухайд хэлэхдээ “Бид өмнө нь БНСУ улс руу 20 орчим сорьц явуулсан байсан. Япон улсад манай гурван вирусологич эмч очсон байгаа. 20 сорьцод судалгаа хийгээд эхний дөрвөн сорьцын хариу гарсан. Энэ бол “whole genome sequencing” буюу нэлээн өндөр түвшний, геномын дарааллыг тогтоох судалгаа юм. Эхний дөрөв дээр мутацилагдсан вирус байхгүй. Үлдсэн сорьцуудад судалгаа үргэлжилж байгаа.
Мэргэжилтнүүд маань ийнхүү суралцаж ирснээр бид тавдугаар сард багтаад Монгол Улсад мутацилагдсан хэлбэрүүдийг тодорхойлох боломж бүрдэнэ. Бид сая PCR-ийн шинжилгээгээр тухайн мутацид Британи вариант, Бразил, Өмнөд Африкийн вариантад зориулсан PCR-ийн урвалж уусмалуудыг аваад мутацилагдсан хэлбэр байгаа эсэхийг цөөн хүнд тандалтын байдлаар хийж илрүүлсэн.
Ингээд үзэхэд Турк улсаас зөөвөрлөгдсөн тохиолдолд ийм төрлийн гурван хэлбэр байгааг илрүүлсэн. Мөн манай улсад эерэг гэж батлагдсан сорьцод тандалт хийж үзэхэд нэг гэр бүлийн хоёр хүнд илэрсэн. Одоо геномын дараалал тогтоох шинжилгээгээр эдгээрийг батлах ёстой. Тиймд урьдчилсан байдлаар ороод ирсэн байж магадгүй гэж үзэж байгаа юм.
Түүнчлэн мутацилагдсан вирусийн тухайд эмнэлзүйн байдал, нас баралт хүнд хэлбэрээр тархалт нь хурдацтай явагддаг. Дээр нь хүнд хэлбэрээр өвчилдөг онцлогтой учраас ороод ирсэн байх боломжтой гэж үзсэн.
Иймд иргэд маань үлдсэн 12 хоногийг үр дүнтэйгээр хөл хорионд өнгөрөөж, вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Халдварын тоо нэмэгдэх тусам ахмад суурь өвчтэй хүмүүс гэлтгүй залуучуудад хүнд хэлбэрээр тохиолдох зүйл ажиглагдаж байна. Тэгэхээр залуу, хөгшин гэлтгүй вакцинд 100% найдахгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ сайн барих нь чухал” хэмээв.