Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан.
Ийнхүү Улсын Онцгой комиссоос гамшгийн үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний багийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг авто машинаар замын хөдөлгөөнд QR кодоор зорчуулах тухай тушаал гаргасан билээ.
Иймд тус ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар QR код олгох ажлыг хэрхэн зохион байгуулах талаар танилцууллаа.
Тэрбээр “Ойролцоогоор 41,593 тээврийн хэрэгсэл хатуу хөл хорионы өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцох байдлаар системд шивэлт хийгдлээ. Үйл ажиллагаа нь хязгаарлахгүй байгууллагуудад системд буй тээврийн хэрэгслийн мэдээлэлд үндэслэн QR код олгоно. Өөрөөр хэлбэл өвөл мэдээллийн санд мэдээллээ нийлүүлсэн байгууллагууд автомашиныхаа дугаарыг системд оруулан хүсэлт явуулахад шинэ QR олгогдоно.
QR кодтой албан хаагчид 07:00~09:00 17:00~20:00 цагт л хөдөлгөөнд оролцоно. Үүнд, Эрчим хүч, дулаан, инженерийн хангамж, ариутгал, хот нийтийн аж ахуйд хамаарахгүй. Мөн хүнс үйлдвэрлэл, түгээлтийг аймаг, нийслэлийн захирамжаар тогтоосон горимоор зөвшөөрнө.
Хязгаарлалтад хамаарахгүй байгууллагын ажилтан албан хаагчид хөдөлгөөнд оролцохдоо ажлын үнэмлэхтэй байх бөгөөд ажилдаа явахдаа ирэх очих маршрут мөрдөж QR код бүхий зөвшөөрөлтэй байна.
smartcar.mn хуудсаар орж улсын дугаараа оруулан QR кодоо хэвлэн авах боломжтой.
Харин QR код бүхий зөвшөөрөл аваагүй ААН, байгууллагууд QR@gov.mn хаягаар хүсэлтээ илгээнэ. Үүнд,
- Хөдөлгөөнд оролцох хугацаа
- Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар
- Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар
- Ажилтан, албан хаагчдын регистрын дугаар шаардана.
Үндсэндээ төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагын алба хаагчид, тухайн байгууллагын тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно. Төрийн захиргааны байгууллагууд, нутгийн захиргааны байгууллагууд ирэх 14 хоногийн хугацаанд тэг зогсолт хийх хэмжээнд хөдөлгөөнийг хязгаарлалт хийх шийдвэр гарсан” хэмээв.