Монголын өргөн нэвтрүүлгийн найман телезиз хамтран хатуу хөл хорионы хугацаанд “Карантин 14” нэвтрүүлгийг үзэгч олонд хүргээд байгаа билээ.
Өнөөдрийн дугаарт УИХ-ын гишүүн Н.Учрал цахимаар холбогдон оролцсон нь олон үзэгчийн сэтгэлийг хөдөлгөсөн юм.
Тэрбээр ” Монгол эх орондоо өглөөний нарыг монгол ахан дүүстэйгээ үзэж, амьдрах сайхныг мэдэрч, одоо ингээд та бүхэнд мэндчилгээ дэвшүүлээд суух мөч тохиож байгаад сэтгэл өндөр байна. Миний хувьд өнгөрсөн саруудад маш хүнд өрдүүд өнгөрсөн. Энэ хугацаанд би хүн гэдэг амьтан бол амьдралын сайхныг амьдарч байхдаа мэддэггүй мөртлөө амьдралд хайртай, дээр нь өвчин зовлонгоос өөр зүйлд хүн сөхөрдөггүй юм байна гэдгийг их ойлгосон. Тиймээс хүн бүр бие биедээ хайраа түгээж, нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, бусдаас хайрыг мэдрэхийн жаргал, бусдад хайр түгээхийн жаргалыг мэдэрч, амьдралын сайхныг ойлгож, алхам цаг мөч тутамдаа амьдрах сайхан юмаа гэдгийг мэдрэх бол хамгийн том аз жаргал.
Иргэд маань “Цар тахлын үед хөл хориог олон хоногоор сунгалаа, төрийн албан хаагчид ийм шахалт үзүүлээд байна, намайг гудамжинд явуулахгүй шалгаад байна” гэдэг байдлаар жижиг зүйлд битгий бухимдаарай. Үнэндээ энэ бол том асуудал биш. Хамгийн гол нь хүн амьд явна гэдэг хамгийн том аз жаргал шүү. Эдийн засаг хямарч байна гэж иргэд маань бухимддаг. Гэхдээ эцэст нь ямар ч мөнгө төгрөг, эрх мэдлээр худалдаж авч чадахгүй зүйл бол эрүүл мэнд шүү гэдгийг хэлэхийг хүсч байна.
Монгол түмэн минь хамтдаа байж, бие биенээ хайрлаж чадвал бид юуг хийж бүтээж, ямар ч хүнд хэцүү бэрхшээл болгоныг даван туулна гэдэгт итгэлтэй байна. Бүгдэд нь баярлалаа, хайртай шүү” гэлээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал хүндээр өвдөж, гадаадад эмчлүүлж байгаад саяхан эх орондоо ирсэн билээ.
Л.Баяр