Ардчилсан Нам АНУ-ын лобби фирмтэй гэрээ байгуулсан асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр “АНУ-ын хуулийн дагуу бүх лобби компаниудтай хийсэн гэрээг ил болгодог. Энэ гэрээг ил болгосон Foreignlobby report гэдэг байгууллага бол маш олон удаа хууль бус болон ямар нэгэн байдлаар лобби хийсэн АНУ-ын Засгийн Газрын байгууллагууд, хувь иргэд, хувийн компаниудтай холбоотой лоббиг илчилдэг байгууллага байгаа юм. Эрхлэгч нь 2017 оны онлайн сэтгүүл зүйн шагнал, 2019 оны бизнесийн хамгийн шилдэг гэсэн шагналын эзэн Жулиан Пикет гэж сэтгүүлч хүний үүсгэсэн байгууллага байгаа. Энэ байгууллагын веб сайт руу ороод харахаар ази болон маш олон орны, дэлхий даяархи лобби, ялангуяа авлигын сүлжээтэй холбогдсон улстөрийн албан хаагчид АНУ-ын лобби бүлгүүдийг хөлсөлж хуульзүйн болон бусад дэмжлэг авах тухай маш олон үйл ажиллагаануудыг гаргаж тавьсан байдаг юм байна.
Тухайлбал 2021 оны 02 сарын 01-нд Монголын улстөрч уул уурхайтай холбоотой авлигын хэрэг дээрээ лобби хөлсөллөө гээд Ч.Сайханбилэг гишүүний хөлсөлсөн лобби гэрээг веб сайт дээрээ тавьсан байгаа юм.
Ингээд зогсохгүй азийн бусад улстөрчдийн дотроос, тухайлбал Мьянмарт төрийн эргэлт хийгээд байгаа Мьянмарын цэргийнхэн 2 сая долларын лобби гэрээ хийсэн тухай мэдээллийг 2021 оны 03 сарын 09-нд тавьсан байна. Гэх мэтээр бүх лобби, зарим нэг хууль бус үйл ажиллагааг илчилдэг ийм байгууллага юм байна. АН 50,000 долларын гэрээ хийсэн байгаа юм. Уг гэрээ нь улстөрийн зорилготой гэдгээ гэрээний 8-р зүйлд тавьсан. Гэрээг бүтнээр нь үзэх юм бол 50,000 доллараар зогсохгүй тухайн гэрээнд хэвлэл мэдээллийн салбарт хийсэн үйлчилгээний төлөө 100,000 доллараас доошгүй хэмжээний төлбөр орж ирэх юм бол нэхэмжлэл хүлээж авснаас хойш ажлын 3 хоногын дотор шилжүүлэх ёстой гэх мэтээр заасан байна. Мөн энэ гэрээний заалтуудыг харах юм бол маш их мөнгөн дүн байна. Монголын улстөрийн намуудын сонгуулийн тухай хуульд ОУБ-тай ямар нэгэн гэрээ хийх, үйлчилгээ авахыг хориглосон байдаг. Мөн намын тухай хуулиар намын үйл ажиллагаа олон нийтэд ил тод байх ёстой. Гэтэл уг гэрээний дүнг харахаар зөвхөн 50,000 доллар нь 142,750,000 төгрөг байгаа юм. Дахиад хэвлэлд төлөх үйлчилгээ нь зуу зуун мянган доллараар яригдах юм бол 280,000,000 гэх мэт дахиад нэмэгдээд маш их мөнгөн дүн гарах нь ээ. Өөрөөр хэлбэл АН Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж асар их мөнгөн дүн бүхий гэрээг гадаадын лобби фирмтэй байгуулсан байна. Тэр нь үндсэндээ хэвлэл мэдээлэл буюу Монголын ард түмний тархи угаах үйл ажиллагаанд зориулагдах нь ээ. Тийм учраас энэ нь улстөрийн хувьд ч, тусгаар улсын хувьд ч Монгол улсын дотоод хэрэгт оролцож байгаа хэрэг учраас МАН-ын зүгээс маш их санаа зовж, уг мэдээллийг ил болгоод, энэ тал дээр АН албан ёсны байр сууриа хэлээчээ гэдэг утгаар уг мэдээллийг хийж байна.” гэсэн юм.